Нийт нутгийн 50 гаруй хувьд нь өвөл, хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй гэж гарчээ

Гэрэл зургийг MPA.mn
Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргалаа.
Энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага хэвийн сайн, 30 орчим хувьд дунд зэрэг, 20 хувьд муу гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
32.5% нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
18.1% нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
25.0% нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
6.1% нь 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
18.3% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.
Өөрөөр хэлбэл нийт нутгийн 50 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 50 орчим хувьд хэтэрч гарлаа.

Аймгийн дүнгээр авч үзвэл Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай аймгуудын ихэнх нутгаар даац хэтэрч гарсан байна.
Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад Говь-Алтайн Төгрөг, Цээл, Халиун, Бигэр, Жаргалан, Чандмань, Дэлгэр, Баянхонгорын Хүрээмарал, Бууцагаан, Заг, Бөмбөгөр, Галуут, Эрдэнэцогт, Баян-Овоо, Баянцагаан, Баацагаан, Жинст, Богд, Баян-Өндөр, Шинэжинст, Баянговь, Баянлиг, Өвөрхангайн Уянга, Зүүнбаян-Улаан, Сант, Баянгол, Баруунбаян-Улаан, Богд, Төгрөг, Булганы Рашаант, Төвийн Бүрэн, Өндөрширээт, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Дундговийн Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Хулд, Өлзийт, Сайнцагаан, Дэлгэрцогт, Дэрэн, Гурвансайхан, Өмнөговийн Сэрвэй, Булган, Мандал-Овоо, Цогт-Овоо, Баян-Овоо, Ханхонгор, Баяндалай, Манлай сумд орж байна.
Мөн Баян-Өлгийн Буянт, Увсын Зүүнхангай, Ховдын Мөст, Цэцэг, Говь-Алтайн Тонхил, Баянхонгорын Жаргалант, Гурванбулаг, Архангайн Өлзийт, Хотонт, Өвөрхангайн Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Бүрд, Өлзийт, Есөнзүйл, Баян-Өндөр, Нарийнтээл, Гучин-Ус, Хайрхандулаан, Тарагт, Орхоны Баян-Өндөр, Төвийн Аргалант, Лүн, Хэнтийн Дэлгэрхаан, Сүхбаатарын Баяндэлгэр, Дундговийн Сайхан-Овоо, Луус, Адаацаг, Говь-Угтаал, Өндөршил, Дорноговийн Сайхандулаан, Мандах, Өмнөговийн Номгон, Цогтцэций сумдад даац 3-5 дахин (улбар шар) хэтэрч гарсан байна.
Иймд өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр арга хэмжээ авч ажиллахыг зөвлөлөлөө.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Хариулах