ДЭЛХИЙН МЭДЭЭ

Украинд зэвсэг өгөхийг эсэргүүцсэн олон мянган хүн Берлинд жагслаа

Украинд зэвсэг нэмж өгөхийг эсэргүүцэн олон мянган хүн Берлиний төвд жагсаалд нэгдэж, оронд нь Владимир Путинтэй хэлэлцээр хийх замыг засаж, хямралыг намжаахыг Германы засгийн газраас шаарджээ.

Зүүний намын гишүүн асан Сахара Вагенкнехт, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Алис Шварцер нарын зохион байгуулсан Бранденбургийн хаалганы дэргэдэх “Энх тайвны төлөөх бослого”-д 13,000 хүн оролцсон гэж цагдаа нар тооцоолсон байна.

Харин зохион байгуулагчдын зүгээс 50,000 орчим хүн оролцсон гэж мэдэгджээ. Германы бусад хотод мөн үүнтэй төстэй жагсаал болсон байна.

Жагсагчид “Өнөөдөр дуулга, маргааш танк, нөгөөдөр чиний хөвгүүд” гэсэн бичигтэй лоозон барьсан байжээ. Эвслийн засгийн газар Киевт эхлээд 5,000 дуулга хандивлаж байсан бол дараа нь цэргийн дэмжлэгээ эрчимжүүлж, хамгийн сүүлд Германд үйлдвэрлэсэн “Leopard II” танк илгээхийг зөвшөөрсөн юм.

Зарим нь “Гранатны оронд дипломат”, “Аллагаа зогсоо”, “Манай дайн биш, манай засгийн газар биш” гэсэн бичиг барьсан байв.

“Жинхэнэ дайсан Лондон, Нью-Йорк хотод байна” гэсэн үгтэй туг барьсан нэгэн жагсагч дайны ард санхүүгийн ашиг сонирхол нуугдаж байна гэж хэлээд, “Бид дайны боолууд, дайныг дэмжигчид шиг харагдаж байна”, Герман дэлхийн хоёрдугаар дайны дараа дахин дайнд оролцох эрхгүй гэж хэвлэлд ярьжээ.

Үүнтэй зэрэгцэн, Украиныг дэмжигчид “Путинийг зогсоо, дайныг зогсоо”, “Украиныг өөрийгөө хамгаалахад нь тусал” гэсэн уриа лоозон барьж, Германы хотуудад жагссан байна.

Ойролцоох Оросын элчин сайдын яамны гадаа хэсэг украинчууд “Украинд зэвсэг өгөхгүй байх нь геноцидийг дэмжсэнтэй адил” гэсэн зурагт хуудас, уриа лоозон барьжээ.

Берлинд амьдарч буй Украины Львов хотын оршин суугч Роман Оверко “Хэлэлцээр хийх санаа нь гэнэн хэрэг. Хүн төрөлхтний эсрэг дайснуудтай яаж хэлэлцээр хийх болж байна аа? Тэдэнтэй жирийн хүмүүс шиг ярих боломжгүй. Путин бол хоёр дахь Гитлер” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

“Энх тайвны төлөөх бослого”-ын зохион байгуулагчид хоёр долоо хоногийн өмнө “Энх тайвны төлөөх тунхаг” гэх зүйлийг нийтэлж, Канцлер Олаф Шольцод зэвсгийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхгүй байхыг уриалсанд одоогоор 650 мянга орчим хүн гарын үсгээ зуржээ.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet