Оросын Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтан 16 давхраас унаж нас баржээ

Оросын Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтан Санкт-Петербург хотын нэгэн барилгын 16 давхраас унаж нас баржээ.
Оросын Батлан хамгаалах яамны Баруун цэргийн тойргийн санхүүгийн хэлтсийн дарга 58 настай Марина Янкинагийн цогцос лхагва гарагт Санкт-Петербург хотын барилгын гаднаас олдсон тухай Оросын бие даасан хэвлэл “Meduza” мэдээлсэн байна.
Янкинагийн үхлийг амиа хорлолт гэж үзэж байгааг Оросын “Фонтанка” сонин мэдээлжээ.
Тэрээр цонхоор унаж үхэхээсээ өмнө хуучин нөхрөө дуудсан болохыг Оросын өөр нэг суваг мэдээлсэн байна.
Янкина нь Баруун цэргийн тойрогт элсэхээсээ өмнө Холбооны татварын албанд ажиллаж байжээ.
Өнгөрсөн жил Владимир Путин Украин руу цэргийн хүчээр дайрснаас хойш Оросын өөр хэд хэдэн албан тушаалтан хачирхалтай эсвэл тодорхой бус нөхцөл байдалд нас барсан.
Хамгийн сүүлд Оросын Дотоод хэргийн яамны ажлаасаа халагдсан хошууч генерал Владимир Макаров амиа хорлосон байдалтай олдсон юм.
Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сард Путиний шүүмжлэгч, хиамны магнат Павел Антов Энэтхэгт нэгэн зочид буудлын цонхоор унаж нас барсан бол есдүгээр сард Оросын 67 настай эрчим хүчний олигарх Равиль Маганов эмнэлгийн цонхоор унаж нас барсан байна.
Эх сурвалж: Insider

Хариулах