Орос Украины дээрээс пуужингаар “бороо” оруулж байна

Пүрэв гарагт Орос Украины дээрээс пуужингаар “бороо” оруулж, газрын тос боловсруулах хамгийн том үйлдвэрт нь цохилт өгсөн болохыг Киев мэдэгдэв.
Албаныхны өгсөн мэдээллээр Орос пүрэв гарагийн өглөө Украин даяар 36 пуужин харвасны улмаас улс даяар агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх дуут дохио дуугарчээ. Ойролцоогоор 16-г нь Украины Агаарын цэргийн хүчин буудаж унагасан байна.
Кременчукийн газрын тос боловсруулах үйлдвэр цохилтод өртсөн ч одоогоор хохирлын хэмжээ тодорхойгүй байна.
Батлан хамгаалах яам “Twitter” хуудсандаа “Террорист улс Украины иргэний дэд бүтцэд дахин халдлаа” гэж бичжээ. Халдлагыг гурван “Х-31” пуужин, нэг “Оник” хөлөг онгоц эсэргүүцэгч далавчит пуужин үйлдсэн бөгөөд Украины агаарын довтолгооноос хамгаалах систем эдгээр пуужинг устгаж чадахгүй байсан гэж мэдэгдэв.
Олон арван мянган нөөц хүчний дэмжлэгтэйгээр Орос улс Украины өмнөд болон зүүн хэсэгт хуурай замын довтолгоогоо эрчимжүүлж, зэвсэглэн түрэмгийлснийхээ нэг жилийн ойд зориулж томоохон довтолгоо эхлүүлэхээр зэхэж байна.
Сүүлийн үед Орос Донецк мужийн Бахмут хэмээх жижиг хотод гол анхаарлаа төвлөрүүлээд байгаа.
“Вагнер”-ын хөлсний цэргүүдээр удирдуулсан Оросын шоронгийн хоригдлууд хэдэн сарын турш Бахмутад цохилт өгч, хотыг бүслэхийг оролдож байна. Дайны өмнө 70,000 орчим хүн амтай байсан бол одоо хүн амын дийлэнх нь хотыг орхижээ.
Бахмутыг эзэлснээр Орос баруун зүгт орших Донецкийн Краматорск болон Словянск хот руу урагшлах боломжтой болох юм. Гэвч Украин болон түүний барууны холбоотнууд Орос Бахмутад ялсан ч энэ нь маш их хохирол амссан, үнэ цэнгүй ялалт байх болно гэж үзэж байна.
Харин “Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожин нэгэн ярилцлагадаа Украин хэр их цэрэг илгээж, цэргүүд нь хэр хангамжтай байх эсэхээс хамаарч Бахмут дөрөвдүгээр сар гэхэд Оросын хяналтад орно гэж мэдэгджээ.
“Иймд Бахмутыг эзлэхийн тулд хангамж нийлүүлдэг бүх замыг таслах хэрэгтэй. Энэ бол чухал ач холбогдолтой даалгавар.”
Пригожин цааш нь “Манай аймшигт цэргийн хүнд суртал байгаагүй бол Бахмутыг шинэ жилийн өмнө эзэлчих байсан” гэж нэмж хэлсэн байна.
Эх сурвалж: Al Jazeera

Хариулах