ДЭЛХИЙН МЭДЭЭ

Илон Маск ачаа тээвэрлэх зориулалттай “Tesla”-ийн анхны загварыг танилцууллаа

Пүрэв гарагт “Tesla Inc”-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск анхны хүнд даацын хагас ачааны автомашины загвараа Невада дахь үйлдвэрт болсон арга хэмжээний үеэр танилцууллаа.

Уг загвар нь зай хураагуураар цэнэглэгддэг, холын зайд ачаа тээвэрлэх зориулалттайгаас гадна дизель хөдөлгүүртэй ачааны автомашинуудаас эрчим хүч, аюулгүй байдлын хувьд илүү сайн, мөн хурдан цэнэглэх технологиор тоноглогджээ.

Тус компани цахилгаан хөдөлгүүртэй ачааны машин бүтээж байгаагаа зарласнаас хойш таван жил өнгөрсөн ч салбарын мэргэжилтнүүд цэнэг хураагуур бүхий цахилгаан ачааны машинууд хүнд ачааг олон зуун километрийн зайд тээвэрлэж чадна гэдэгт эргэлзсээр байна.

Тус компани танилцуулгын үеэр шинэ загварын эцсийн үнэ, нийлүүлэлтийн хугацаа болон бодит даацынх нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

2017 онд “Tesla” хагас ачааны авто машины 500 км-ийн зай туулах чадвартай загвар 150,000 доллар, 800 км-ийн хувилбар нь 180,000 долларын үнэтэй байна гэж мэдэгдэж байсан боловч үүнээс хойш “Tesla”-ийн суудлын автомашины үнэ огцом өссөн.

Саяхан “Tesla”-ийн удирдах зөвлөлийн дарга Робин Денхолм энэ жил 100 ширхэг хагас ачааны авто машин үйлдвэрлэж магадгүй гэж мэдэгдсэн бол Илон Маск 2024 он гэхэд 50,000 ачааны машин үйлдвэрлэхээр зорьж байгаагаа мэдэгджээ.

Илон Маскын хэлснээр машиныг Калифорни мужийн Фремонт дахь үйлдвэр рүү автомашины эд анги зөөвөрлөхөд туршилтын журмаар ашигласан бөгөөд нэг цэнэглэлтээр 800 км замыг туулсан байна. Автомашины бодит жинг хэлээгүй ч ачаатайгаа нийлээд 37,000 кг-д хүрснийг мэдэгджээ.

Одоогоор ижил төрлийн автомашины өрсөлдөөнд “Daimler”-ийн “Freightliner”, “Volvo”, стартап “Nikola”, “Renault” зэрэг үйлдвэрлэгчид жагсаж байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр “Walmart” компани  Калифорнид “Freightliner”-ийн “eCascadia” болон “Nikola”-ийн “Tre BEV” ачааны машинуудыг туршилтын журмаар ашиглаж эхэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet