ДЭЛХИЙН МЭДЭЭ

Анжелина Жоли шүүх хурал дээр Брэд Питтийг бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгажээ

Мягмар гарагт Холливудын жүжигчин Анжелина Жоли шүүх хурал дээр салсан нөхөр Брэд Питтийг хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгажээ.

Тэд Францын дарсны үйлдвэртэй холбоотой маргаанаа шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаад байгаа юм.

Лос Анжелесийн шүүхэд гаргасан мэдүүлэгт дурдсанаар Питт дарсны үйлдвэр дэх Жолигийн эзэмшлийн хувийг худалдаж авахын тулд нууц задруулахгүй байх гэрээ байгуулах болзол тавьсан байна.  Ингэснээр Жоли болон тэдний хүүхдүүд Питтийн бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн гэдгээ олон нийтэд ярих боломжгүй болох юм.

Жоли мэдүүлэгтээ 2016 оны есдүгээр сард нэгэн нислэгийн үеэр Питт түүний толгойноос барьж, сэгсэрсэн, дараа нь угаалгын өрөөний хана руу түлхсэн тухай өгүүлсэн байна. Мөн Питтийг нэг хүүхдийнхээ хоолойг боож, өөр нэг хүүхдийнхээ нүүр рүү цохисон гэж мэдүүлжээ.

Мягмар гарагт Питтийн өмгөөлөгчид энэ талаар ямар нэг хариу өгөөгүй байна.

Хоёрдугаар сард Питт Жоли болон түүний компанийн эсрэг нэхэмжлэл гаргасны дараа Жоли Питтийн эсрэг сөрөг нэхэмжлэл гаргасан. Жоли 2021 оны есдүгээр сард “Chateau Miraval” дарсны үйлдвэр дэх өөрийн эзэмшлийн хувиа олон улсын компанид худалдсаны дараа Питт энэ явдлыг хууль бус гэж үзсэн байна. Учир нь хосууд зөвшилцөхүйгээр өөрсдийн хувьцаагаа худалдахгүй гэж тохиролцсон гэж Питт мэдэгджээ.

Харин мягмар гарагт Жоли ийм гэрээ байхгүй гэдгийг мэдүүлэгтээ дурдаад, шаардлагыг нь зөвшөөрөөгүй учраас Питт түүний хувийг худалдаж авахаас татгалзсан гэж мэдүүлсэн байна.

Жоли мөн мэдүүлэгтээ Холбооны мөрдөх товчоо онгоцонд болсон хэргийг шалгаж, “Засгийн газар Питтийг холбооны гэмт хэрэгт буруутгах үндэслэлтэй гэж дүгнэсэн” болохыг мэдэгджээ. Гэхдээ хэрэг явдлын дараа Питт гэмт хэрэгт буруутгагдаагүй юм.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet