Гэрэл зургийг MPA.mn
Өмнөд Солонгос улс цахилгаан тамхины худалдаа, хэрэглээнд тавих хяналтаа чангатгаж, синтетик никотин агуулсан бүтээгдэхүүнийг уламжлалт тамхитай адил зохицуулалтад хамруулж эхэллээ. Энэ нь тус улсын 1988 онд батлагдсан Тамхины бизнесийн тухай хуульд орсон хамгийн том өөрчлөлтүүдийн нэг болж байна.
Шинэ зохицуулалт дөрөвдүгээр сарын 24-нөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд өмнө нь хууль эрх зүйн тодорхой зохицуулалтаас гадуур байсан синтетик никотинтой шингэн цахилгаан тамхийг “тамхи” гэсэн ангилалд оруулжээ. Ингэснээр эдгээр бүтээгдэхүүнд эрүүл мэндийн анхааруулга, шошгоны, худалдаа, сурталчилгааны нийтлэг шаардлага үйлчлэх болсон байна.
Шинэ журмын хүрээнд цахилгаан тамхийг онлайнаар худалдаалахыг хориглож, насанд хүрээгүй хүмүүст худалдах болон тэдэнд чиглэсэн сурталчилгаа, маркетингийг ч хоригложээ. Мөн сургууль, эмнэлэг, төрийн байгууллага зэрэг тамхи татахыг хориглосон бүсэд цахилгаан тамхи хэрэглэхэд уламжлалт тамхины адил хариуцлага тооцохоор болсон байна.
Зөрчил гаргасан тохиолдолд бүтээгдэхүүний шошго, сурталчилгаа болон худалдааны журамтай холбоотойгоор 10 сая хүртэл воны торгууль, эсвэл нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял ногдуулах зохицуулалт бий. Харин тамхи татахыг хориглосон бүсэд цахилгаан тамхи хэрэглэсэн иргэнийг 100 мянган хүртэл воноор торгох боломжтой аж.
Энэхүү өөрчлөлтийн гол зорилго нь ялангуяа өсвөр үеийнхний цахилгаан тамхины хэрэглээг бууруулахад чиглэж байна. БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагийн 2025 оны өсвөр үеийн эрүүл мэндийн зан үйлийн судалгаагаар шингэн цахилгаан тамхины хэрэглээ 2.9 хувьтай байсан нь ердийн тамхины 3.3 хувийн дараа хоёрдугаарт бичигджээ.
Гэвч шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлснээр үйлдвэрлэгч, худалдаалагчид өөр төрлийн бүтээгдэхүүнээр хууль тойрох оролдлого хийх асуудал гарч байна. Тухайлбал, никотингүй болон никотиныг орлох бодистой шингэн бүтээгдэхүүнүүд өмнөх зохицуулалтын цоорхойг ашиглан худалдаалагдах болсон талаар The Korea Times мэдээлжээ. Зарим “никотингүй” гэж шошголсон бүтээгдэхүүнээс бодит никотин илэрсэн тохиолдол ч бүртгэгдсэн байна.
Тиймээс Өмнөд Солонгосын эрх баригчид шинэ төрлийн никотин орлуулагч бодисуудын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судалж, цахилгаан тамхины зохицуулалтын цоорхойг цаашид хаах арга хэмжээ авахаар ажиллаж байна. Тус улсын Хүнс, эмийн аюулгүй байдлын яам 6-метилникотин зэрэг шинэ бодисын эрсдэлийн үнэлгээг хийхээр төлөвлөжээ.
Ингэснээр Өмнөд Солонгос цахилгаан тамхийг уламжлалт тамхинаас тусдаа бүтээгдэхүүн гэж үздэг байсан өмнөх тогтолцооноос татгалзаж, никотины гарал үүсэл нь байгалийн эсвэл синтетик эсэхээс үл хамааран илүү хатуу зохицуулах чиглэлд шилжиж байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Электрон тамхи, #цахилгаан тамхи,