Европын улс орнууд баллистик пуужин зэрэг агаараар довтлогч зэвсгээс хамгаалах өөрийн гэсэн системтэй болох шаардлагатай гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдэв. Оростой хийж буй дайнд Украинд тулгарч буй хамгийн том сорилтуудын нэг нь баллистик пуужингийн эсрэг хамгаалалт юм. Учир нь, Америкийн “Patriot” системийн тодорхой төрлийн пуужингууд л Оросын баллистик пуужингуудыг зогсоох чадвартай байгаа юм. Харин Орос Украины эрчим хүчний дэд бүтцийг довтлохдоо баллистик пуужингуудыг ашиглаж, дулааны цахилгаан станц, цахилгаан дамжуулах систем рүү цохилт өгч байна. “Бид нэг жилийн дотор баллистик пуужингийн эсрэг өөрийн гэсэн хамгаалалтын системийг бий болгох хэрэгтэй.
Одоо хэд хэдэн улстай энэ чиглэлд хэлэлцээ хийж байгаа” гэж Зеленский онцолжээ. Үүний зэрэгцээ Украины далайн довтолгооны пуужинг үйлдвэрлэгч “Fire Point” компани ирэх жил гэхэд агаарын довтолгооноос хамгаалах шинэ системийг нэвтрүүлэхээр Европын компаниудтай хэлэлцэж байгаа гэж мэдэгдсэн юм. Ойрхи дорнодын дайн эхэлснээс хойш Америкийн “Patriot” пуужингуудын хэрэгцээ эрс нэмэгдэж, нийлүүлэлт хомсдох төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters