Монгол Улсын Засгийн газраас утга зохиол, ном хэвлэлийн салбарыг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлээр тодорхойлон, уран зохиолын өвийг хамгаалах, хөгжүүлэх, уншлагын соёлыг түгээх, уран бүтээлчдийн хөдөлмөрийг үнэлэх, утга зохиолын цаашдын хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэхэд чиглэж, Монгол Улсын нэгдмэл байдлыг бэхжүүлэхэд утга зохиолын үүргийг нэмэгдүүлэх бодлогын ажлуудыг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд монгол хэлний яруу баялаг, үгээр урлахуйн ур чадварыг илэрхийлэх, үндэсний уран зохиолыг хөгжүүлэх, шилдэг шүлэг шалгаруулах зорилготой 43 дахь удаагийн “Болор цом” яруу найргийн наадмыг зохион байгуулахад Монголын Зохиолчдын эвлэлийг дэмжин, хамтран ажиллалаа. Энэ удаагийн наадамд 28 яруу найрагч өрсөлдсөн ба гуравдугаар шатанд 15 уран бүтээлч шүлгээ уншсан юм.
43 дахь удаагийн “Болор цом”-ын тэргүүн байрын эзнээр Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Нямжаргалын Минжинсайхан тодорлоо.
Дэд байр - Л.Торой
Гутгаар байр - Д.Болдхуяг
Дөрөвдүгээр байр - Б.Эрдэнэ-Очир
Тавдугаар байр - Б.Ганхүрэл нар тус тус эзэллээ.
Наадмыг нээж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам үг хэлэхдээ “Дэлхий дахин соёл, хэл, уран зохиолын бодлогоо үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх болсон энэ цаг үед Монгол Улс ч энэхүү чиг хандлагад нийцсэн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай. Соёлын тусгаар тогтнол, хэлний дархлаа, уран бүтээлийн эрх чөлөө бол улсын хамгийн хүчтэй баталгаа бөгөөд утга зохиолын салбар нь Монголын оюуны хөгжлийн үндсэн хөрс, тусгаар тогтнолын дархлааны салшгүй хэсэг юм. Төрийн бодлого зөвхөн санхүүжилтээр хязгаарлагдах бус уран бүтээлчдийн хөдөлмөрийг үнэлэх, оюуны орчныг хамгаалах, шинэ үеийн уншигчдыг төлөвшүүлэхэд чиглэгдэх ёстой. Монгол хэлний бодлогыг бэхжүүлэх, хүүхэд залуучуудад эх хэлний хэрэглээ, унших, бичих соёлыг түгээн хэвшүүлэхэд онцгой анхаарна.” хэмээв.
БОЛОР ЦОМ-43 | Тэргүүн шүлэг - "ҮГ"
Хамаг хайрыг би үгнээс авч
Хамаг хайраа би үгэнд юүлсэн
Үг миний үндэс хөрс
Үг миний өвөг дээдэс
Үггүйгээр би өнөөдрийг барж чадахгүй
Үггүйгээр би өчигдөрт харьж чадахгүй
Үггүйгээр би үнэн аж төрж, амьсгалж чадахгүй
Үггүйгээр би өргөн олон, өрөөл бусдыг ч хайрлаж чадахгүй
Үг миний мөргөлийн сүм
Үг миний өргөлийн сум
Үг миний өстөн дайсан, бас хань нөхөр
Үг миний өрөвч зан, бас тэсвэр тэвчээр
Дардам мөртөө замаа олоогүй үгэнд
Зам болж
Далавчтай мөртөө тэнгэрээ олоогүй үгэнд
Тэнгэр болж явдаг би
Үгэн дотор далавч байдгийг харж
Үг шувуу шиг нисэж дүүлдэгийг ч үзэв би
Үгэн дотор өвс ногоо хөтлөлцөн ургаж
Үг үгийнхээ салхинд гандаж хагдардагийг ч танив би
Үг миний энхрий үрс
Үг миний эх нутаг
Үг миний эх орон
Үг миний эх дэлхий билээ.
Чулуу шиг үгэнд ус хадгалж
Нэлийсэн их далайг хурааж үзсэн би
Чулуу шиг үгнээс ус мөрнийг суллаж
Цэлийсэн тэнгэрийг амрааж ч явсан би
Уул шиг үгэнд тал сөхөрдөгийг харж
Ухаант өвгөдийнхөө үг сургаалыг дагасан би
Ус мөрөн шиг үгнээс амьтан хүн ундаалахыг үзэж
Улс гэртээ эзэн суухыг ч таньсан би
Үг миний өдөр хоног
Үг миний чөдөр аргамж
Үг миний мөр зам
Үг миний мөрөөдөл хүсэл
Үг төрж, үг өсдөг хорвоод
Үг өвдөж, үг эдгэдэг орчлонд
Үг уйлж, үг дуулдагийг таньснаас
Үг өтөлж, үг үхдэгийг харсангүй би!
Үг миний туургат - гэр орон
Үг миний тусгаар тогтнол - эрх чөлөө!


Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557
EUR | 4104
CNY | 514
RUB | 41.63
JPY | 22.3
KRW | 2.38

