ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хятадын шинэ сансрын станцад ажиллах анхны эмэгтэй гишүүн 41 настай

Хятадын шинэ сансрын станцад ажиллахаар томилогдсон анхны эмэгтэй бямба гарагт Шэньжоу-13 сансрын хөлгөөр хөөрлөө. Тэрээр “Tiangong” буюу “Тэнгэрлэг ордон” сансрын станц руу хөөрөх бөгөөд 41 настай Ван Япин нь сансарт алхсан анхны хятад эмэгтэй болох нь. Сансрын хөлөг БНХАУ-ын баруун хойд хэсэгт орших говиос бямба гарагт Бээжингийн цагаар 12:23 цагт хөөрчээ.

Хятадын шинэ станцыг 2022 оны арванхоёрдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн сард Хятадын өөр гурван сансрын нисгэгч гурван сарын даалгавраа амжилттай биелүүлсэн. Тэд станцын үндсэн модуль дээр ажиллаж, тоног төхөөрөмж суурилуулах зорилгоор хоёр удаа сансарт алхсан байна.

Энэ удаад Ван Япиний баг 183 хоног сансарт байрлах бөгөөд энэ нь Хятадын сансрын нисгэгчдийн сансарт хийсэн хамгийн урт аялал болох юм. Тэрээр даалгаврын командлагч 55 настай Жай Жиганг, 41 настай Е Гуангфу нарын хамт нисэх юм.

Багийн гишүүдийг сансрын станцад хүлээж авах бэлтгэл ажил нэлээд уджээ. Өнгөрсөн сард ачааны хөлөг онгоц зургаан мянган килограмм хоол хүнс, ус, хүчилтөрөгчийн шил, сансрын өмсгөл болон бусад шаардлагатай зүйлсийг станцад хүргэсэн байна.  Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, “Tiangong” сансрын станц руу илгээсэн хангамжийн дотор 60 сав тонер, 30 сав серум, 30 сав нүүрний тос, түүнчлэн эмэгтэйчүүдийн эрүүл ахуйн бүтээгдэхүүнүүдийг Ван Япинд зориулан бэлтгэсэн гэв.

Ван Япин нь 2013 онд Шэньжоу-10 хөлгөөр тойрог замд 15 хоног аялж байсан туршлагатай бөгөөд энэ удаагийн даалгавар түүний сансарт хийх хоёр дахь аялал болж байна. Тэрээр сансрын нисгэгч Лю Янгийн дараа Хятадын сансарт ниссэн хоёр дахь эмэгтэй юм. Лю Яанг нь 2012 онд Шэньжоу-9 сансрын хөлгөөр гурван хүний ​​хамт сансарт хөөрч байжээ.

Сансарт гарсан хамгийн анхны эмэгтэй бол ЗХУ-ын Валентина Терешкова юм. 1963 оны Терешковагийн аяллаас хойш энэ оны гуравдугаар сарын байдлаар нийт 65 эмэгтэй сансарт ниссэн байна.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet