ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хятадад үйлдвэрлэлийн үнийн индекс 10.7 хувиар өсч, түүхэн дэх хамгийн өндөр өсөлтийг үзүүлжээ

Цахилгаан эрчим хүчний хязгаарлалт, түүхий эдийн үнэ өссөнтэй холбогдуулан БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний үйлдвэрийн анхны үнэ өнгөрсөн сард хамгийн өндөр дүнгээр өсжээ. Хятад бол дэлхийн хамгийн том экспортлогч орон тул үнийн өсөлт бусад улс орнуудад нөлөөлж, бүтээгдэхүүнээ импортолдог орнуудын инфляцийг хөөрөгдөж болзошгүй юм.

Дэлхий даяар цар тахлын хөл хорионоос гарч, эдийн засгаа сэргээх гэж оролдож байгаа энэ үед компаниуд нийлүүлэлтийн асуудалтай тулгараад байна. Хятадын эрчим хүчний томоохон хомсдлоос болж “Apple” зэрэг дэлхийн брэндүүдэд нийлүүлэл хийдэг үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсжээ.

Албан ёсны тоо баримтаас үзэхэд үйлдвэрлэлийн үнийн индекс (PPI) нь есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар өссөн нь 1995 оноос хойших хамгийн өндөр хурдацтай өсөлт юм. Харин пүрэв гарагт нийтэлсэн Хятадын хэрэглээний үнийн индекс есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар өссөн нь өмнөх сарынхаас ахисан боловч ихэнх эдийн засагчдын таамаглаж байснаас доогуур байгаа юм.

Цахилгаан тасалснаар тус улсын олон үйлдвэрүүд, тэр дундаа цементийн үйлдвэрлэл, ган, хөнгөн цагаан хайлуулах зэрэг их хэмжээний эрчим хүч хэрэглэдэг салбаруудын үйл ажиллагаа доголджээ.

Аж ахуйн нэгжүүдийн эрэлтийг хангахуйц хэмжээний цахилгаан үйлдвэрлэх гэж цахилгаан станцууд хичээж байгаа энэ үед Хятадад нүүрсний үнэ сүүлийн өдрүүдэд дараалан дээд амжилт тогтоогоод байгаа юм. Бээжин нүүрсний уурхайнуудыг олборлолтоо нэмэгдүүлэхийг шаардаж, томоохон үйлдвэрүүдийн ашигладаг цахилгааны хэмжээг хязгаарлах зэргээр эрчим хүчний хямралыг бууруулах арга хэмжээ авч байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet