ЭДИЙН ЗАСАГ

Д.Ангар: Өрхийн амьжиргаа энэ оны эцсээр, ирэх онд улам доройтох нь ажиглагдаж байна

Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.

-Эдийн засаг хүндхэн байна. Өрхийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч өссөөр байна. Үйлдвэрлэл багатай улсын зовлон энэ цаг үед гарч байх шиг.

-Дэлхийн эдийн засагт коронавирусийн сөрөг нөлөө тодорхой хэмжээнд байгаа. Гэхдээ Монгол Улсын хувьд сүүлийн 30 жилд буруу бодлогоор явсны үр дүн гарч байна. Аливаа улс үйлдвэрлэгч байх ёстой. Бүх зүйлийг биш юм гэхэд улсынхаа өргөн хэрэглээний бүтээгдэхүүний 70-80 хувийг өөрсдөө үйлдвэрлэх ёстой. Гэтэл харамсалтай нь сүүлийн 30 жилд манай улсын Засгийн газар үйлдвэрлэлийг нугачан дарж, худалдаа, нөгөө талдаа зээлийн өндөр хүүлэлтийг дэмжсэн. Энэ нь улсын эдийн засгийг бүхэлд нь гадны хяналтад оруулж байгаа хэрэг. Гадны хараанд орсон учир цар тахлын үед бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бий боллоо. Гэхдээ ковид бол сүүлийн хоёр жилийн л асуудал. Үйлдвэрлэлээ дарсан нь Монголын төрийн сүүлийн 30 жилийн алдаа. Гучин жилийн алдаа нь ковидын үр нөлөөгөөр тодорч гарч ирлээ.

-Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний хомсдол үүсч байна уу?

-Манай улс идэж уух, өмсөж зүүх, унах, амьдрах гээд л өдөр тутмын бүх хэрэглээгээ гаднаас импортолж авдаг. Үүний 70-80 хувь нь Эрээний боомтоор орж ирдэг. Ингээд урд боомт дээр дараалал, түгжрэл үүссээр удаж орж ирж байна. Энэ нь явсаар ард иргэдийн нуруун дээр үнийн өсөлт, эрэлт болон унаж байгаа юм. Тодорхой зүйлийг бол гадны улс орноос импортлох нь зөв. Гэхдээ импортын мэдээг харахад гаднаас авах ямар ч шаардлагагүй барааг авч байна. Жишээ нь өндөг, гахай, тахианы мах импортолж авдаг улс гэж дэлхий дээр байх уу. Бидэнд үйлдвэрлэл байхгүй болохоор эдийн засаг маш хэврэг, бие даан оршин тогтнох ямар ч чадваргүй, тэжээвэр маягаар амь зогоож байна.

-Засгийн газраас эдийн засагт авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг оновчтой гэж харж байна уу?

-Маш оновчгүй. Товчхондоо газраа ухаж алт, зэс, нүүрсээ зараад олсон орлогоороо өндөг аваад идчихдэг, үлдсэнийг нь халамж болгоод цацчихдаг төрийн бодлоготой. Цацсан халамжаараа эргээд импортын бараа хэрэглэнэ, ийм л байна. Төрийн бодлогыг тодорхойлж байгаа дарга, сайд нар зөвөөр ойлгоосой. Одоо бүх зүйлийг ковид, гаднах нөхцөл байдал руу чихэхээ болих цаг болсон шүү дээ. Өнөөдөр нийгэмд ажилгүйдэл, ядуурал өссөөр байна. Өрхийн амьжиргаа энэ оны эцсээр, ирэх онд улам доройтох нь ажиглагдаж байна.

-Өрхийн амьжиргаа улам муудна гэж байна. Цаашид хэрхэх бол. Ямар арга хэмжээ үгүйлэгдэж байна?

-Жижиг, дунд, том хэмжээний үйлдвэрүүдийг барих хэрэгтэй. Монголын төр энэ бодлогыг өнөөдрийг хүртэл дэмжсэнгүй. Дор хаяж өндөгөө ОХУ-аас худалдаж авахаа болимоор байна. Улс даяар өндөг тасрахад Монголын төрөөс өндөгний үйлдвэрлэлийг дэмжих ганц ч арга хэмжээ авсангүй. Эдийн засгийн хямрал бол яаж буруу явж ирснийг, төрийн бодлого ямар алдаатай байсныг, өндөр албан тушаалтнууд ямар харалган байсныг тодоор харууллаа. Дарга нар маань үүнээсээ ичихгүйгээр бид ямар ч алдаа хийгээгүй, бид дэлхийн хамгийн шилдэг удирдагчид, бидний хийсэн бүхэн зөв, алдаа нь ард түмэнд байгаа гэсэн үзэл дээрээ бат зогсож байна. Ялихгүй юм хийчихээд “Миний гавьяа” гэж цээжээ дэлддэг төрийн удирдагчидтай болохоор Монгол Улс хөгжихгүй байна.

-Ард түмэн өнөө маргаашийн талхаа яая гэж байхад байрны талаар бол бодоод ч дэмий биз…

-Тийм шүү дээ, ганц ширхэг хадаасаа ч үйлдвэрлэдэггүй улс яаж байрны үнэ дийлэхэв. Арматур, хадаас, шрупээ хүртэл гаднаас авдаг юм болохоор гааль дээр оочерлоод, материал хомсдож үнэ хөөрөгдсөн. Хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн өмнө хүрэл боловсруулж түүгээрээ хутга хийгээд ан агнаж байсан. Гэтэл өнөөдөр 2021 онд Монгол Улс төмрийн үйлдвэргүй, арматураа гаднаас хүлээгээд сууж байгаад үнэндээ харамсаж явдаг. Эрээн дээр ганц асуудал үүсэхэд бүхэл бүтэн улсын барилгын ажил зогсдог гээд бод доо…

ҮРГЭЛЖИЛЛИЙГ “Өдрийн сонин”-ы 2021.10.09 дугаараас уншина уу

А.ГАНТУЯА

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet