ДЭЛХИЙН МЭДЭЭ

Польш улс Европын холбооны гишүүнчлэлээс татгалзахвий гэж айсан иргэд улс даяар томоохон жагсаал зохион байгуулжээ

Пүрэв гарагт Польшийн дээд шүүх Европын холбоо (ЕХ)-ны хуулийн гол зүйл заалтууд нь тус улсын Үндсэн хуульд нийцдэггүй гэсэн шийдвэр гаргажээ. Үүний дараа Польш улс ЕХ-оос гарч магадгүй гэсэн таамаг иргэдийн дунд тархаж, ням гарагт улс даяар томоохон жагсаал зохион байгуулав. Зохион байгуулагчдын хэлснээр 100 гаруй хот, сууринд эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд зөвхөн Варшавт 100,000 орчим хүн жагсаалд нэгджээ.

Жагсаалд сөрөг хүчний улс төрчид, идэвхтнүүд, уран бүтээлчид бүгд оролцсон бөгөөд Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч асан, өдгөө сөрөг хүчин Иргэний Платформыг удирдаж буй Дональд Туск нийслэлд болсон жагсаал дээр хүмүүсийг Европын холбооны гишүүнчлэлийг хамгаалахыг уриалав.

ЕХ-ны удирдагчид пүрэв гарагт гарсан Польшийн Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг шүүмжилжээ. Европын холбооны хууль тогтоомж нь зарим хууль эрх зүйн салбарт үндэсний хууль тогтоомжоос давуу эрхтэй гэсэн үндсэн зарчмыг Польшийн шүүх үгүйсгэсэн гэж үзэж байгаа юм.

ЕХ болон Польшийн хооронд өмнө нь ширүүн маргаан үүсэж байсан. Эрх баригч Хууль ба Шударга ёс (PiS) нам 2015 онд ажлаа авснаасаа хойш шүүх эрх мэдлийг улстөржүүлж байна гэж шүүмжлэгчид буруутгаж байсан юм. Тодруулбал Польшийн Үндсэн хуулийн Цэцэд эрх баригч намыг дэмждэг шүүгчид давамгайлж байгаа бөгөөд цэцийн нэг шүүгчийг хууль бусаар томилсон Европын хүний ​​эрхийн шүүх үздэг байна.

Ерөнхий сайд Матеуш Моравиецки пүрэв гарагийн шүүхийн шийдвэрийн дараа фэйсбүүк хуудсандаа “Польш улс Европын үндэстнүүдийн гэр бүлд байгаа бөгөөд байх ч болно” гэж мэдэгдсэн бөгөөд эрх баригч нам “Полексит”-ийн талаар ямар ч төлөвлөгөө байхгүй гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet