ДЭЛХИЙН МЭДЭЭ

Илон Маск Калифорнийн улс төрчидтөй маргалдсаны дараа “Tesla”-ийн төв байрыг Техас руу нүүлгэнэ гэв

“Tesla” компанийнхаа төв байрыг Калифорни мужаас Техас руу нүүлгэн шилжүүлэхээ Илон Маск мэдэгдэв. Тэрбээр энэ алхамаа Остинд болсон цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар зарлажээ.

Өнгөрсөн тавдугаар сард Илон Маск Калифорнийн улс төрчидтөй маргалдаж, Аламеда тойргийн эсрэг шүүхэд гомдол гаргаж байсан. Учир нь цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд тойргийн захиргаанаас гаргасан шийдвэрээс болоод “Tesla” Фремонт хотод байрладаг гол үйлдвэрээ ажиллуулах боломжгүй болоод байсан юм. Тэрээр өөрийн твиттер хуудсандаа “Тесла өөрийн төв байр болон ирээдүйн хөтөлбөрөө нэн даруй Техас/Невада руу нүүлгэн шилжүүлэх болно” гэж жиргэж байсан.

“Tesla”-ийн төв байрыг нүүлгэсэн ч Калифорни, Невада муж дахь үйлдвэрлэлээ 50 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа гэв.

“Tesla” бол Техас руу нүүсэн анхны компани биш юм. 2020 онд технологийн “Oracle” компани Цахиурын хөндийгөөс Остин руу нүүж байгаагаа зарласан. Түүнчлэн технологийн “HP”, автомашин үйлдвэрлэгч “Toyota” компаниуд АНУ-ын төв байраа Калифорнигаас Техас руу нүүлгэн шилжүүлжээ.

Калифорнид хөдөлмөрийн хууль илүү хатуу, бусад мужуудтай харьцуулахад амьжиргааны өртөг, татвар өндөр байдаг бол Техас нь хямд ажиллах хүч, хатуу зохицуулалтгүй гэдгээрээ алдартай.

Илон Маск өнгөрсөн оны сүүлээр Калифорнигаас Техас руу нүүж, шинэ машины үйлдвэртээ анхаарлаа хандуулж байгаагаа мэдэгдсэн. Мөн түүүний эзэмшдэг “SpaceX” пуужингийн компани Техас мужийн өмнөд хэсэгт хөөргөх талбайтай юм.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet