НИЙГЭМ

П.БАЯРХҮҮ: Гашуунсухайт боомт дахь халдварын шинжилгээний ард ЛУЙВАР байна

Гэрэл зургийг
MPA.mn

“Баянзам тээвэрчдийн холбоо”-ноос Гашуунсухайт боомтод үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээллээ.

“Баян зам тээвэрчдийн холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү “Гашуунсухайт бол Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших Цагаан хад боомтын гаалийн хяналтын бүс. Сүүлд авсан мэдээллээр есөн сая гаруй тонн нүүрс хилээр гарч чадаагүй, овоолгоотой байна. Үүнийг Хятадын талд 25 километр замд тээвэрлэн гаргах үүрэг бол Гашуунсухайт боомтын үндсэн ажил. Хэвийн үед, өдөрт 1,000 тээврийн хэрэгсэл хилээр гарахад экспорт хэвийн үргэлжилж байна гэж үздэг бол өнөөдрийн байдлаар 150-280 машин гарч байна.

Хилийн таталт яагаад нэмэгдэхгүй байна вэ гэвэл, тээвэрчдийг нэг газарт тусгаарлаж, дараа нь Өмнөговь аймагт мөн тусгаарлаж, шинжилгээ өгүүлээд Цагаан хаданд бөмбөлөг буюу битүүмжилсэн орчинд оруулдаг. Нэг бөмбөлөгт 35 жолооч байх бөгөөд тэндээсээ хаашаа ч гаралгүй байж байгаад Монгол, Хятадын талд шинжилгээ өгч, сөрөг гарснаар нүүрсээ тээвэрлэдэг.

Бөмбөлөгт ороод Монголдоо шинжилгээ өгөөд сөрөг гарсан ч Хятадын талд эерэг гарвал бөмбөлөгт байсан бусад жолооч хамт буцаад ирдэг. Өөрөөр хэлбэл, Хятадын талд шинжилгээ өгсөн жолооч нарын нэгээс нь халдвар илрэхэд бөмбөлөгт байсан бусад 30 гаруй жолооч хамт буцах болж, 28 хоног тусгаарлах байр руу шилждэг. Үүнийг зохион байгуулдаг байгууллага бол Хилийн боомтын зөвлөл, Хилийн боомтын бүрэн эрхт төлөөлөгчийн газар, Мэргэжлийн хяналтын байгууллага, АТҮТ зэрэг хэд хэдэн байгууллагын оролцоо бий. Хамгийн гол санал, гомдол бол, шинжилгээний зөрүүтэй гарч буй байдал юм. Жишээлбэл, эерэг болон сул эерэг гэх хоёр төрлийн хариу гардаг болчихсон. “Сул эерэг гарсан учир буцаалаа” гээд нэг бөмбөлөгт байсан жолооч нарыг цагдаагийн алба хаагчид өнөөдрийн дотор эндээс гар гээд Цагаан хаднаас шахаад гаргачихдаг. Гэтэл шинжилгээний хариу нь сул эерэг болон эерэг гарсан жолооч нар Улаанбаатарт шинжилгээ өгөхөөр хариу нь сөрөг гардаг. Яагаад ийм зөрүүтэй байна вэ гэвэл, энэ шинжилгээний ард булхай, луйвар байна гэж бид үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, бөмбөлөгт байгаа жолооч нарын шинжилгээний хариуг хүсэх юм бол эерэг гаргаж буцааж, дараагийн ээлжийн бөмбөлөгт байгаа жолооч нарын оочерийг урагшлуулж байна гэсэн үг. Энэ бүх үйл ажиллагаанд ХӨСҮТ-ийн хяналт, дүгнэлт байхгүй учраас шинжилгээний хариуг чөлөөтэй өөрчилж байна.

Гэтэл тээврийн компаниуд нэг жолоочийг бөмбөлөгт байрлуулахад сард дунджаар 1.8 сая төгрөгийн зардал гаргадаг. Тусгаарлах байранд 28 хоног байхад өдрийн төлбөр нь 120-130 мянган төгрөг болдог. Бөмбөлөг бол мөнгө гэж ойлгох ёстой. Нэг тонн нүүрсийг 2,000 юаниар гаргаж байна гэж бодоход 100 тоннын машинаар 200,000 юань олно. Жолооч нь 30-40 мянган юань буюу есөн сая төгрөг. Компани гаргасан зардлаа хасаад тодорхой хэмжээний ашиг, жолоочийн цэвэр цалин есөн сая төгрөг гэж үзэхэд энэ их мөнгөний төлөө авлига гаарч байна. Хилийн боомтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг солих хэрэгтэй. Оронд нь тээврийн менежмент, халдвар хамгааллын зохион байгуулалтыг сайн хийдэг мэргэжлийн баг ажиллуулах хэрэгтэй” гэв

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet