newswire

Н.АЙЛТГҮЙ: “Хаан” банкны ажилтнууд харилцагчдынхаа мэдээллийг задруулдаг болов уу гэх хардлага бий

Гэрэл зургийг MPA.mn

Хаан” банкны данснаасаа их, бага хэмжээгээр мөнгөө алдсан иргэд тус банкнаас хохирлоо барагдуулахыг шаардаж байгаа. Хохирогчдын нэг болох иргэн Н.Айлтгүйтэй юу болсон талаар цөөн хором ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн 2020 оны наймдугаар сарын 21-22-нд шилжих шөнө “Хаан” банкны данснаасаа 20 сая төгрөг алдсан бөгөөд өдийг хүртэл хэрэг нь шийдэгдээгүй байна.

-Та “Хаан” банкны данснаасаа 20 сая төгрөг алдсан. Чухам юу болсон талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Миний интернэт банкны нууц үг 2020 оны наймдугаар сарын 21-ний шөнө солигдсон. Тэр үед буюу 21-ний шөнө 03:15 цагт найман сая, 03:20 цагт дахин найман сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Гэтэл уг гүйлгээний тухай мессеж мэдээлэл гар утсанд өглөөний 07:40 цагт ирсэн. Мөн 07:00 цагт, тус тус хоёр сая төгрөгийн гүйлгээ хийгдэж, нийт 20 сая төгрөгөө алдсан юм. Хамгийн сүүлийн мессеж мэдээлэл 09:40 цагт ирсэн. Тэр өдөр харилцагч банкан дээр очиж, юу болсон тухайгаа хэлтэл бичиг баримт шалгаад, 20 сая төгрөгийг маань хэн гэдэг ямар хүний данс руу шилжүүлсэн тухай хэлсэн. н.Учрал гэдэг хүний данс руу 16 сая, н.Төгсжаргал гэдэг хүний данс руу үлдсэн дөрвөн сая төгрөгийг шилжүүлсэн байна лээ. н.Учрал гэдэг хүн 10 сая төгрөгийг нь данснаасаа авсан тухай мэдээллийг Хаан банкнаас өгсөн. Тэгэхээр нь тэр хүний дансыг хааж өгөх тухай хүсэхэд “Бид хувь хүний дансыг шууд хаах эрх байхгүй. Цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл авч байж хаана” гэж хэлсэн. Ингээд би цагдаагийн байгууллагад хандсан. Наймдугаар сарын 21-нд баасан гараг байсан. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж, өргөдөл гомдлоо бичсээр байтал ажлын өдөр дууссан. Ажлын бус өдөр гэж хоёр хоног алдсан. Ингээд цагдаа болон “Хаан” банканд өргөдөл, гомдол өгснөөс хойш сар гаруй хугацаа өнгөрч, байцаагч маань дөрвөн ч удаа солигдсон. Байцаагч руу залгахаар гар утсаа авахгүй, нэг бол завгүй гэдэг. Тэгж явсаар байгаад өдийг хүрчихэж байгаа юм. Дээр нь цар тахлын улмаас хөл хорионы үе таарсан.

-Яагаад дөрвөн байцаагч дамжих болов?

-Би 20 сая төгрөгөө алдсанаас хойш БГД-ийн Цагдаагийн II хэлтсээр сар орчим нааш, цааш явсан. Эрүүгийн хэрэг үүсгэгдээд явж байтал прокуророос бүтэн 20 хоног өнгөрчихөөд байхад “Гүйлгээ хийгдсэн байршил “Өргөө” кино театрын ойролцоо АТМ учир энэ хэргийг БГД-ийн I хэлтэс рүү шилжүүл” гээд хэсэг хугацаа алдсан. Ингээд н.Буяннэмэх гэдэг байцаагч дээр хэрэг шилжиж, дахин өргөдөл гомдлоо гаргаад хуулийн хугацаагаар 14 хоног шалгагдаж прокурорт очсон. Ингэж явсаар байтал хөл хорио тогтоосон. Гуравдугаар сард н.Буяннэмэх байцаагчтай холбогдтол би өөр хэлтэс рүү шилжсэн учир таны хэрэг өөр хүн дээр очсон шүү гээд дахиад нэг эмэгтэй байцаагчид өргөдөл гомдлоо өглөө. Ингэж тэгсээр дөрвөн байцаагч дамжсаар, бүтэн жид өнгөрлөө.

-Таны мөнгийг н.Учрал, н.Төгсжаргал гэдэг хүний данс руу шилжүүлсэн хүн хэн болохыг мэдсэн үү?

-Хамгийн гол нь хэн гэдэг хүн ямар төхөөрөмжөөр ийм хэрэг үйлдсэн нь тодорхой болсон. н.Шинэхүү гэдэг 2000 оны хүүхэд байсан. 2017 оноос хойш цахим гэмт хэрэгт холбогдсон, Дархан-Уул аймгийн харьяат. Энэ хүүхэд СБД, СХД зэрэг хэд хэдэн дүүргийн цагдаагийн хэлтэст цахим гэмт хэргээр шалгагдаж байсан. Шүүх хурал нь товлогдоод байх үед чөлөө авч, тэр үеэрээ миний мөнгийг аваад алга болсон юм байна лээ. Мөн н.Аригун гээд дахиад нэг хүүхэд бий. Би тэр хүүхдүүдийг огт мэдэхгүй. “Хаан” банк, болон цагдаагийн байгууллага энэ хоёр хүүхдийг мэдэж байгаа хэр нь барьж чадахгүй өдийг хүрчихсэн. Яасан нь мэдэгдэхгүй, нуугдчихсан байх гэдэг зүйлийг л хэлээд байгаа.

-Та “Хаан” банкны удирдлагуудтай уулзсан байх. Ямар хариу тайлбар өгсөн бэ?

-Би “Хаан” банкны удирдлагуудтай хоёр ч удаа уулзсан. Миний асуудлыг шийдэж өгөх болов уу гэсэн хүлээлттэй байсан боловч чимээ аниргүй алга болчихсон. Сар гаруй хугацааны дараа дахин уулзтал хуулийн зөвлөхтэйгээ уулзуулж, захирлуудын хурлаар таны мөнгийг нөхөн төлөх боломжгүй гэх шийдвэр гаргасан тухай хэлсэн. Одоо бол би “Хаан” банкнаас хохирлоо барагдуулахыг л шаардаж байна.

Давхардсан тоогоор Монгол Улсын нийт хүн амын 80 гаруй хувь энэ банкаар үйлчлүүлдэг юм байна лээ. Бид мөнгөө халаасандаа хийгээд явж байхдаа хүнд алдаагүй шүү дээ. Банканд бүх мэдээллээ өгч, нээлттэй байлгаж, мөнгөө хадгалуулдаг. Гэтэл банкны нууцлалын систем ямар байдалд байгаа нь энэ олон хохирогчдоос харагдаж байгаа юм. Тэр бүү хэл, хугацаатай хадгаламжнаас хүртэл мөнгөө алдсан хүн байна.

-“Хаан” банкны зүгээс хохирогчдыг G-mail болон интернэт банканд бүртгэлтэй гар утасны дугаараараа нууц үгээ алдсанаас энэ хэрэг үүдсэн гэх тайлбар өгөөд байгаа. Таны хувьд нууц үгээ алдах нөхцөл үүссэн үү. Танаас өөр хүн интернэт банкны тань нууц үгийг мэддэг үү?

-Миний интернэт банкны нууц үгийг хүүхдүүд, байтугай нөхөр минь мэдэхгүй. Миний хамгийн их харамсаж байгаа зүйл бол, “Хаан” банкны нууцлалын систем хангалтгүй, хамгаалалт нь цахим гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн мэдлэг, чадвараас дор байна гэдэг дэндүү харамсалтай. Дээрээс нь аль улс орны банкууд эрсдэлийн сантай байдаг. Гэтэл хохирогчид хэдэн арваараа нэмэгдсээр байхад Хаан банк “Бид мэдэхгүй, төлж чадахгүй” гэсэн юм яриад байж байна.

-Хэрэг үйлдсэн хүмүүс нь тодорхой болчихоод байхад яагаад ингэж удаад байгаа талаар цагдаагийн байгууллагаас тодруулсан уу?

-н.Шинэхүү, н.Аригун гэдэг 2000 оны хүүхдүүд энэ хэргийг үйлдсэн гэдэг нь бүгд тодорхой. Гэтэл тэр хүүхдүүдийг барихгүй өч төчнөөн хоносон. Асуух гэхээр байцаагч утсаа авахгүй болохоор нь цагдаагийн хэлтэс дээр очтол тэр хүүхдүүдийг бариад Ганц худаг дахь хорих ангид хорьсон талаар хэлсэн. Мэдүүлэг авахад маш олон хохирогч байгаа учир ял оноох байх. Ер нь бол та мөнгөө олж авч чадахгүй байх гэдэг зүйлийг мөн хэлсэн. Гэхдээ шүүх хурал болоогүй. Мэдүүлэг авлаа гэхэд хохирогчдыг дуудмаар юм .Гэтэл огтхон ч дуудаагүй.

-Мөнгөө алдсан зарим иргэд “Хаан” банкны ажилтнууд уг хэрэгт оролцсон байх магадлалтай гэх хардлага тээж байгаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Би бодохдоо, хүмүүсийн дансан дахь орлого, зарлага, бүртгэлийн мэдээллийг банкны ажилчид сайн мэднэ шүү дээ. Энэ тухай олон ч хүн надад хэлээд байгаа. Шууд хэлэхэд, банкны ажилчид өөрсдөө мэдээлэл задруулдаг болов уу гэж ч бодож байгаа. Магадлал өндөр гэдгийг хохирогчид ч хэлж байна.

Тэр хүүхдүүд 2017 оноос хойш цахим гэмт хэрэг хийж өдийг хүрээд, хоригдох шатандаа ирчихээд байхад ямар ч арга хэмжээ авахгүй байгаа. Үүнд цагдаагийнхан өөрсдөө ч холбогддох байх. Ер нь “Хаан” банк, цагдаа нийлсэн бүлэг байдаг юм биш байгаа гэсэн хардлага байгаа.

1 сэтгэгдэл

  1. Баяр

    2021-10-07

    Банкны тллерт л их учр би тэд нар хамтрсан бга хүний дансанд хэдн төг бгааг тллер нар л хэлж өгч бга ер н хууль дүрэмын өөрчлөх хэргтэй иргний гомдлын дагуу тэр дор н гэмт этгээд н дансг хаасн бол хэн ч хохрохгүй бсн иим их чиргдэл гомдл болхгүй гэмт хэргтнүүдээ үилдэл др н мөнгөө авчбхд н барйд авна

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet