ДЭЛХИЙН МЭДЭЭ

Мухаммед Алигийн зурсан ховор зургууд нэг сая орчим доллароор үнэлэгдэв

Аварга боксчин Мухаммед Алигийн зурсан зураг, ноорог, ховор цуглуулга зэрэг 26 орчим уран бүтээлийг дуудлага худалдаагаар нэг сая орчим доллароор худалджээ. Хамгийн их хүлээгдэж буй бүтээлүүдийн нэг болох “Sting Like a Bee” нь 425,000 доллароор зарагдсан нь борлуулалтын өмнөх үнэлгээнээсээ 10 дахин их байгаа юм.

Алиг тамирчин, идэвхтэн, яруу найрагч гэдгийг олон нийт мэддэг боловч түүний урлагийн авьяасыг төдийлөн мэддэггүй.

“Bonhams” дуудлага худалдааны газрын мэргэжилтний хэлснээр Мухаммед Алигийн аав мэргэжлийн зураач байсан учраас тэрээр амьдралынхаа туршид зурж, будсан гэжээ. Хожим нь Али спортын зураач Лерой Нейманаар зурах аргыг заалгасан байна.

“Мухаммед Али бол нэг үеийг тодорхойлдог соёлын бэлгэ тэмдэг байсан. Тэрээр уран бүтээлдээ бокс, иргэний эрх, шашин, дэлхийн энх тайван, хүнлэг энэрэнгүй сэтгэл зэрэг өөрт ойрхон сэдвүүдийг дүрсэлсэн байдаг” гэж “Bonhams”-ын захирал Хелен Холл дуудлага худалдааны өмнө хэлжээ.

Эдгээр бүтээлийг урлагийн цуглуулагч, Алигийн найз Родни Хилтон Браун дуудлага худалдаанд оруулсан бөгөөд 1977 онд Бостонд болсон тулааны дараа Али түүнд зориулж анхны гурван зургаа зурсан гэж мэдэгдсэн байна.

Дуудлага худалдаагаар 1978 онд зурсан “Sting Like a Bee” зургаас гадна 1979 оны “Би чамд хайртай, Америк” гэсэн бичээстэй зураг 150 мянган доллароор зарагдаж, 1967 оны Исламыг Христийн шашинтай харьцуулсан ноорог 24 мянган доллароор үнэлэгдсэн гэж “Reuters” агентлаг мэдээлэв.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet