ДЭЛХИЙН МЭДЭЭ

Ливанд шатахууны үнийг 38 хувиар нэмжээ

Ливан улс шатахууны хомсдолыг бууруулахын тулд баасан гарагт шатахууны үнийг 38 орчим хувиар нэмсэн бөгөөд энэхүү хямралыг даван туулахын тулд шатахууны татаасаа буцааж байгаа талаар тус улсын Эрчим хүчний яам баасан гарагт мэдэгджээ.

Тус улсын Эрчим хүчний сайд Валид Файядын гарын үсэгтэй албан ёсны баримт бичигт дурдсанаар, 95 октантай 20 литр автобензины үнэ 174300 ливан фунт буюу 11.24 ам.доллар, 98 октантай 20 литр автобензины үнэ 180000 ливан фунт буюу 11.64 ам.доллар болж өсжээ.

Энэ нь тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн юм.

Ливаны Ерөнхий сайд Нажиб Микатигийн удирдлага дор тус улсын шинэ Засгийн газрын хийсэн эхний алхамуудын нэг болох баасан гарагт шатахууны үнийг нэмэгдүүлсэн явдал нь сүүлийн саруудад шатахууны хомсдолыг бууруулж, татаасыг бүрэн зогсоох замыг нээсэн байна. Түүнчлэн өнгөрсөн сард эрх баригчид 95 октантай шатахууны үнийг 66 хувиар нэмжээ.  


Ливан улс санхүү, эдийн засгийн хямралаас шалтгаалан 19-р зууны дунд үеэс хойшхи дэлхийн хамгийн хүнд гурван улсын нэгт тооцогдох магадлалтай гэж Дэлхийн банкнаас гаргасан Ливаны эдийн засгийн мониторингийн дүгнэлтэд дурдсан байдаг ажээ. Үүнтэй холбогдуулан “Шатахууны татаасыг цуцлах нь улс орныг эдийн засгийн хямралаас гаргах чухал алхам юм” гэж Нажиб Микати мэдэгдсэн байна.

Шатахууны үнэ ба ядуурал

Олон сая хүнийг ядууралд өртөхөд нөлөөлсөн тус улсын эдийн засгийн хямрал шатахууны хомсдол үүссэнтэй холбогдуулан энэ оны хоёрдугаар улиралд улам дорджээ. Үүнтэй холбогдуулан шатахуун түгээх станцууд хязгаарлагдмал цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилж эхэлсний зэрэгцээ автомашины хэдэн арван цуваа олон цагаар дараалалд зогсдог болжээ.

Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Жорж Бракс “Al Jazeera”-д өгсөн ярилцлагадаа, Ливан есдүгээр сарын сүүлч үе гэхэд шатахууны бүх татаасаа цуцлах төлөвтэй байгааг онцолжээ.  

“Ливаны Төв банк болон эрчим хүчний салбарын удирдлагууд үнийн механизмыг хэрэгжүүлэн шатахууны үнийг боломжийн түвшинд хүргэж, шатахуун түгээх станцууд болон шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд хохирол учруулахгүй гэдэгт найдаж байна” гэж Жорж Бракс дурджээ.

Шатахууны татаас нь импортлогч болон борлуулагчдад шатахууныг албан ёсоор 1500 ливан фунтээр зарах боломжийг олгосон байв. Гэхдээ фунт стерлингийн ханш 90 орчим хувиар буурсан тул ханшийг дэлхийн зах зээл дээрх албан бус ханшаар сольжээ. Эдийн засагчид болон шинжээчдийн үзэж буйгаар, татаасыг хэвээр үлдээх нь хууль бусаар хил давуулах наймаа болон Сирид ашиг олох зорилгоор худалдах боломжийг олгох ажээ.  

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet