ДЭЛХИЙН МЭДЭЭ

Путин, Эрдоган нарын хэлэлцээ гурван цаг орчим үргэлжилжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган нар Сочи хотноо лхагва гарагт хэлэлцээ хийлээ. Москвагийн цагаар 13 цаг 30 минутад эхэлсэн уулзалт гурван цаг орчим үргэлжилжээ.

Хоёр улсын удирдагчид эдийн засгийн хамтын ажиллагаа, олон улсын харилцааг хэлэлцсэн байна. Тухайлбал, Путин Сири, Ливийн нөхцөл байдлын талаар хоёр улс амжилттай хамтран ажиллаж байгааг онцолжээ. Тэрбээр мөн Карабахад гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавих төвийн ажилд анхаарлаа хандуулсан байна. Оросын Ерөнхийлөгчийн хэлснээр, энэхүү хамтын ажиллагаа нь бүс нутгийн “тогтвортой байдлын чухал баталгаа” юм.

Уулзалтын үеэр мөн эрчим хүчний асуудлыг хэлэлцжээ. Путин Эрдоганд хий дамжуулах “Туркийн урсгал” хоолойг тавих асуудлаарх байр суурьт нь талархал илэрхийлжээ. Энэхүү дамжуулах хоолойн ачаар Европын хийн зах зээлд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн үед Анкара өөртөө итгэлтэй байгааг тэрбээр онцолсон байна. Туркийн Ерөнхийлөгч хариуд нь тус улсын анхны цөмийн цахилгаан станц болох “Аккую” -г барих хамтарсан төслийн сэдвийг хөнджээ. Уг станцын эрчим хүчний нэгдүгээр блок ирэх онд ашиглалт орж магадгүй байна.

Хоёр удирдагчийн нүүр тулсан энэ удаагийн уулзалт сүүлийн нэг жил хагас гаруйн хугацаанд хийсэн анхны уулзалт болж буй юм. Тэд хамгийн сүүлд 2020 оны гуравдугаар сард Кремльд уулзсан бөгөөд Эрдоган мөн ОХУ-д ажлын айлчлал хийсэн билээ. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр удирдагчид дараагийн хэлэлцээг хоёр талын болон олон талт хэлбэрээр утсаар болон цахим хурлаар хийжээ.

Уулзалт Сочи хот дахь Путиний өргөөнд болсон байна. ОХУ-ын төрийн тэргүүн түүний орчинд илэрсэн ковидын тохиолдлуудтай холбоотойгоор Москвагийн ойролцоох Ново-Огарево хотод хоёр долоо хоног өөрийгөө тусгаарласныхаа дараа Сочи хотод очжээ. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet