COVID-19

Реппер Gee Өрхийн эмнэлэгт сайн дурын ажил хийж байна

Манай улсад өнөөдрийн байдлаар 299 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 1,169 иргэн амиа алдаад байна. Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал хүндхэн байгаа учраас өрхийн эмнэлгүүд сайн дурынхныг ирж ажиллахыг уриалаад буй. Тэгвэл энэхүү уриалгыг Реппер Gee хүлээн авчээ.

Түүний хувьд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Өрхийн эмнэлэгт сайн дурын ажил хийж, иргэдийн утасны дуудлагад хариулт өгч ажиллаж байна.

Тэрбээр “Эрүүл мэндийн салбарт эмч нар хүрэлцэхгүй байна. Миний ажиллаж байгаа өрхийн эмнэлгээс гэхэд хоёр эмч ажлаасаа гарч байна. Би өөрийн чадахаараа хувь нэмрээ оруулах гэж Өрхийн эмнэлэгт сайн дурын ажил хийж байна.

Ковидын энэ хүнд нөхцөлд хүрэлцэж ядан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдаа ойлгож, хайрлаж, хүндэлж харьцахыг хичээгээрэй! Үнэхээр эмч нар хүрэлцэхгүй, ачаалал стресс өндөр хэцүү нөхцөлд байна. Эмч нар минь битгий шантраарай. Бид та бүхэнтэй хамт шүү. Хэцүү цаг үеийг хамтдаа давцгаана. Дор бүрнээ хичээгээрэй. Ковидоор өвдөх нь цаг хугацааны асуудал гээд тайвширч огт болохгүй. Маскаа сайн зүүж халдвар хамгааллын дэглэмээ сахиарай хүмүүс ээ” гэлээ.

Ташрамд, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 167 эмч, 146 сувилагч, туслах ажилтан, 195 эмнэлгийн ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарчээ. Мөн 600 орчим эмч, эмнэлгийн ажилтан шаардлагатай байгаа аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet