Монголд коронавирусээр нас барсан хүний тоо 1,000 давж, нийт тохиолдлын тоо 263,446 боллоо

Гэрэл зургийг MPA.mn
Сүүлийн 24 цагт халдварын 3,234 шинэ тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас барлаа. Ингэснээр нийт халдвар авсан иргэний тоо 263,446 болж, нийт нас баралт 1,001 болов. Нас баралт буурахгүй байгаа нь халдварын тохиолдол өссөөр байгаатай шууд холбоотой гэж ЭМЯ-наас мэдээлсэн.
Уг нь манай улс вакцинжуулалтаараа Азидаа дээгүүрт орж байгаа. Гэвч өдөрт бүртгэгдэх халдварын тоо өссөөр байгаа нь иргэдийн өөрсдийн хувийн ариун цэвэр, дэгээс ихээхэн шалтгаалж байгааг үгүйсгэхгүй.
Өнөөдрийн байдлаар манай улс нийт хүн амынхаа 2.2 сая буюу 69.1 хувийг вакцины I тунд, 2.1 сая буюу 65.1 хувийг II тунд хамруулаад байна.

Өнөөдрийн тохиолдлуудын 1,071 нь Улаанбаатар хотод, 1,280 нь орон нутагт батлагдлаа.
Харин 4,767 хүн эдгэрч эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарч, 21,075 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 3,719 нь хүүхэд, 1,140 нь жирэмсэн эх байна.
Халдвар авсан иргэдийн,
- 13,008 хүний биеийн байдал хөнгөн,
- 5,936 хүн нь хүндэвтэр,
- 1,804 хүн нь хүнд,
- 327 хүний биеийн байдал нэн хүнд байна.


Хариулах