Хоёр байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлахаар ярьж байна

Манай урд хөрш, монголчуудын ихээр зорчдог улс оронд коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор иргэд сандарч байна. Энэ өдрүүдэд манай эмийн санд амны хаалт, цэнхэр спирт, ариутгалын бодис дуусч, иргэд ихээр бухимдаж, онцгой нөхцөл үүссэн. ШӨХТГ-аас нэгдүгээр сарын 27-ны өдрөөс гурав хоногийн хугацаанд 25 эмийн санд хяналт шалгалт хийжээ. Өнөөдрийн байдлаар “Мөнхий тун” компани Монголд ганцаараа амны хаалт үйлдвэрлэдэг. Энэ байгууллага бөөний үнэ нь 90 төгрөг байсан амны хаалтаа 150 төгрөг болгож нэмжээ.

ШӨХТГ-аас онцгой нөхцөл үүссэн энэ үед амны хаалтын үнийг нэмэх ёсгүй гэж мэдэгдлээ. Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, төрөөс зохицуулалт хийх ёстойг анхаарууллаа. Тодруулбал, нэг талаасаа зах зээлийн нийгэмд өрсөлдөөний зарчмаар аж ахуйн нэгжүүд амны хаалт, бусад бүтээгдэхүүний үнэ өссөн нь буруу биш гэнэ. Гэхдээ онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед байгаа амны хаалтаа зориудаар зарахгүй, зарахдаа хэт их өндөр үнээр зарсан аж ахуйн нэгжүүдэд анхааруулга өгчээ. Улмаар ЭМЯ-нд хандаж эрүүл мэндийн байгууллагын хариуцлага сул байгаа талаар зөвлөмж хүргүүлсэн гэнэ. Мөн эрүүл мэндийн байгууллага хэрнээ эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд иргэдэд үйлчилсэн, үнэ хэт нэмсэн газруудын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг ч хүргүүлжээ. Ойрын өдрүүдэнд ШӨХТГ 1800-1284 дугаарт 204 гомдол ирсний 40 хувь нь амны хаалт, ариутгалын бодистой холбоотой мэдээлэл байжээ.

Тиймээс томоохон эм эмнэлгийн хэрэгсэл бөөний төв, эмийн санд мэдэгдэл хүргүүлсэн гэнэ. Мэдэгдэлд нөөц сайтай байж, амны хаалтаа хүртээмжтэй байдлаар хүргүүлэх, үнэ нэмж ашиг олох гэхээсээ илүү нийгмийн эрүүл мэндэд анхаарах ёстой талаар дурджээ. Шалгалтаар “Метромолл”-д байрлах “Монос” эмийн сан өчигдрийн байдлаар амны хаалт хэдэн төгрөгөөр зарж байгаа нь тодорхойгүй байсан гэнэ. Тухайлбал, нэг төрлийн амны хаалт баримт дээрээ 5700, дотоод тэмдэглэл дээр 3600, зарах үнэ нь 2500 ч юм шиг хэдэн янзын үнэтэй байж. Нөгөө талаар иргэд урьдчилан сэргийлэхийн тулд ямар төрлийн маск хэрэглэх вэ гэдгийгээ мэдэхгүй байж. Тэр ч бүү хэл эмнэлгийн ажилтнууд нь энэ асуудлаа ойлгохгүй ханиадны үед хэрэглэх болон утааны, агаарын чанарын эсрэг хамгаалагч шинж чанар амны хаалт зэргээ ялгахгүй шахам байж.

Эрүүл мэндийн байгууллагын хариуцлага сул байгаа талаар ЭМЯ-нд зөвлөмж хүргүүлжээ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet