Боловсролын сайдын шуурхай хуралдаан болж, салбарт хэрэгжиж буй цаг үеийн ажлуудыг хэлэлцэв.
Нийслэлийн 1 дүгээр ангийн сурагчдыг бие даалтын долоо хоногт багтаан нүд, шүд, зүрх судасны үзлэгт хамруулна. Энэ хүрээнд Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, “Орбис интернэйшнл” олон улсын байгууллага хамтран ерөнхий боловсролын 50 сургуульд хараа шалгах багц хүлээлгэн өглөө.
Монгол хэл, бичгийн элсэлтийн шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 10-р ангиасаа эхлэн өгөх боломжийг нээх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоолын төслийг боловсруулж байна.
Сургуулийн өмнөх боловсрол болон бага ангийн сургалтын хөтөлбөр, агуулга, сурах бичгийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Одоогийн байдлаар агуулгын хүрээг тодорхойлон, судлагдахууны хөтөлбөр, туршилтын сургалтын төлөвлөгөөг боловсруулж байна. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрт хүүхдийн хэл ярианы чадварыг хөгжүүлэх агуулгыг тусгах, бага ангийн сурах бичгүүдийг интерактив болгон шинэчлэхдээ хиймэл оюун ухаан ашиглах зэргийг Боловсролын сайд П.Наранбаяр холбогдох албанханд даалгав.