Боловсролын сайд П.Наранбаяр Монгол Улсын Үндэсний биеийн тамирын дээд сургууль /ҮБТДС/, БНСУ-ын Кёнхи их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс болон БНСУ-ын яамдаас хэрэгжүүлж буй ODA төслийн хүрээнд тус сургуулиуд хамтран ҮБТДС-д Таеквондогийн тэнхим байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд уг төсөлдөө Боловсролын яамны дэмжлэгийг хүсэв.
БНСУ-ын Сөүл хотноо байрладаг, 1949 онд байгуулагдсан Кёнхи их сургууль нь улсдаа анх удаа дээд боловсролд биеийн тамирын тэнхим, хөтөлбөр бий болгосон түүхтэйгээс гадна шилдэг спортын тамирчид, Олимпын аваргуудыг бэлтгэжээ. Тухайлбал, тус сургуулийн Таеквондогийн тэнхимийн гишүүн Пак Тэ Жүн “Парис-2024” Олимпын наадмын Таеквондогийн төрөлд эрэгтэйчүүдийн -58 кг жинд аварга болсон байна.
“Парис-2024” Паралимпын наадмын Таеквондогийн төрөлд эмэгтэйчүүдийн -52 кг жинд Монгол Улсын тамирчин, ОУХМ Уламбаярын Сүрэнжав аваргын алтан медалийн эзэн болсныг Боловсролын сайд П.Наранбаяр дурдаж, Таеквондогийн спортын сайн сургалт, сайн туршлагыг хэрэгжүүлэх гэж буйд талархал илэрхийлэн, өмчийн хэлбэр үл харгалзан боловсролын байгууллагуудаа дэмжин, хамтарч ажиллана гэв.