АФГАНИСТАН

“Талибан” эмэгтэйчүүдийн эрхийг “Исламын хуулийн хүрээнд” хүндэтгэхээ амлажээ

“Талибан” хөдөлгөөн афганистанчууд төдийгүй олон улсын нийгэмлэгүүдийн ихэд санаа зовниж буй хүний эрхтэй холбоотой асуудлын талаар мягмар гарагт мэдэгдэл хийжээ.

Төрийн эрхийг хяналтдаа оруулснаасаа хойш зохион байгуулсан анхны хэвлэлийн бага хурлынхаа үеэр талибууд эмэгтэйчүүдийн эрх, афган ажилтнуудын аюулгүй байдал, хэвлэлийн эрх чөлөөний талаар мэдэгдэл хийсэн байна.

Үүнээс гадна, “Талибан” Афганистаныг орхин явах хүсэлтэй иргэдэд “аюулгүй гарц” гаргахыг зөвшөөрөх тохиролцоонд хүрсэн гэдгийг Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгджээ.

Пентагоны төлөөлөгчдийн мэдээлснээр, “Талибан”-ы командлагчидтай хийсэн яриа хэлэлцээгээр нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудалд ахиц дэвшил гарчээ. Одоогийн байдлаар олон мянган иргэн тус улсыг орхин явахаар нислэгээ хүлээж буй юм.

“Талибан”-ы удирдагчид Катараас Афганистанд эргэн ирсний дараа дээрх үйл явдлууд болжээ. Кабул хотын гудамжууд чимээ аниргүй хэвээр байгаа хэдий ч гадаадын олон иргэн, афган ажилтнууд Афганистанаас явах ээлжээ хүлээсээр байна.

Афганистанд өрнөж буй үйл явдлуудтай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг танилцуулбал,

  • “Талибан” Афганистаныг орхин явах иргэдэд зориулан “аюулгүй гарц” гаргахыг зөвшөөрсөн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх мэдээлжээ. АНУ-ын цэргүүдийн хяналтад байгаа нисэх буудалд олон мянган хүн цуглаад байгаа юм.
  • Европын Холбооны /ЕХ/ дипломатч Жозеп Боррель, “Талибууд “дайнд ялсан” тул “хүмүүнлэгийн, шилжилт хөдөлгөөний гамшиг” нүүрлэхээс сэргийлэхийн тулд ЕХ тэдэнтэй хэлэлцээ хийх хэрэгтэй болно” гэж мэдэгджээ. Гэхдээ энэ нь хэт даврагч бүлгийг хүлээн зөвшөөрсөн явдал биш гэдгийг тэрбээр онцолсон байна.
  • “Талибан” эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэнэ, гэхдээ “Исламын хуулийн хэм хэмжээний хүрээнд” гэж уг хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид мэдэгджээ.
  • Мөн З.Мужахид “Талибан” хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг “хараат бус хэвээр байлгах” хүсэлтэй байгаа ч сэтгүүлчид “үндэсний эрх ашгийн эсрэг ажиллах ёсгүй” гэдгийг онцлон хэлжээ.
  • “Талибан” олон талын оролцоо бүхий Исламын Засгийн газар байгуулна гэдгээ мэдэгдсэний зэрэгцээ Афганистаны иргэдэд “бүх нийтийн өршөөл” үзүүлж буйгаа зарлаад, ажилдаа эргэн орохыг уриалжээ.
  • Пакистаны хилийн “Торхам” боомтыг дахин нээж, арилжааны бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн ачааны тэрэгнүүдийг Афганистан руу нэвтрэхийг зөвшөөрчээ.
  • НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Талибан” төрийн эрхийг авсанд Афганистаны Зэвсэгт хүчин, улс төрийн удирдагчдын алдаа дутагдлыг буруутгажээ.
  •  Герман Афганистанд үзүүлэх хөгжлийн бүх тусламжаа дахин мэдэгдэл гаргах хүртлээ зогсоосноо мэдэгджээ. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet