АФГАНИСТАН

АНУ-ын элчин сайдын яамныхныг нүүлгэн шилжүүлэх үед Талибанчууд Афганистаны нийслэл рүү нэвтэрчээ

Ням гарагт АНУ-ын элчин сайдын яамны ажилтнуудыг нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлэх үеэр Афганистаны нийслэл Кабул хотод Талибаны босогчид нэвтэрсэн гэж тус улсын Дотоод хэргийн яамны ажилтан мэдэгдлээ.

Өнгөрсөн сард АНУ цэргүүдийнхээ дийлэнх хэсгийг татан авсны дараа Афганистаны армийн хүч суларч, Талибаны хөдөлгөөн улам эрчээ аваад байгаа юм. Харин Талибанчууд маш хурдтайгаар давшиж Кабулд ойртож ирсний дараа АНУ-ын засаг захиргаа элчин сайдын яамны ажилтнууд болон иргэдээ нүүлгэн шилжүүлэх зорилгоор нэмэлтээр цэрэг илгээх шийдвэр гаргасан билээ.

Афганистаны Ерөнхийлөгчийн ордон Кабул орчмын хэд хэдэн газарт буун дуу сонсогдсон ч хамгаалалтын хүчнүүд, олон улсын холбоотнуудтай хамтран хотыг хяналтандаа байлгаж байна гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Ашраф Гани өнгөрсөн бямба гаригт нөхцөл байдлын талаар орон нутгийн удирдагчид болон олон улсын холбоотнуудтай яаралтай зөвлөлдөж байгаагаа мэдэгдсэн ч нөхцөл байдлын талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байна.

Ням гарагт босогчид зүүн зүгийн Жалалабад хотыг тайван замаар эзлэн авснаар Афганистаны хаалттай бүс рүү чиглэсэн гол хурдны замыг хяналтандаа авсан байна. Жалалабад хотод амьдардаг Афганистаны албаны хүн Ройтерс агентлагт ярихдаа “Талибанчуудад нэвтрэхийг зөвшөөрөх нь энгийн иргэдийн амийг аврах цорын ганц арга зам байсан юм” гэжээ.

Тэд мөн Пакистантай ойролцоох Торхамын хилийн боомтыг эзэлснээр Кабулын нисэх онгоцны буудал Афганистанаас гарах цорын ганц гарц болоод байгаа юм. Одоогоор Кабулын нисэх онгоцны буудал засгийн газрын мэдэлд байна.

Жалалабадын дараа Талибууд умард хязгаарын Мазар-и-Шариф хотыг бага зэргийн мөргөлдөөний дүнд эзлэн авчээ. Мазар-и-Шарифын аюулгүй байдлын хүчнийхэн хойд зүгт 80 орчим км-ийн зайд орших Узбекстан руу зугтсан тул Талибанчууд бараг ямар ч эсэргүүцэлгүйгээр нэвтэрсэн гэж мужийн албаны хүмүүс мэдэгдэв.

Талибаны удирдлага Бямба гарагийн орой хийсэн мэдэгдэлдээ хурдацтай олсон амжилтаа Афганистаны ард түмэн тэднийг хүлээн зөвшөөрч байгаатай холбон тайлбарлаж, “өөрсдийн амьдрал, өмч хөрөнгө, нэр төрөө хамгаалж, хайртай үндэстнийхээ төлөө тайван, аюулгүй орчинг бүрдүүлэх болно” гэж хэлээд элчин сайдын яамны ажилтнууд болон тусламжийн ажилтнуудад ямар ч асуудалтай тулгарахгүй гэсэн байна.

Харин Афганчууд сүүлийн өдрүүдэд лалын шашинтнуудын хатуу дэглэмд эргэн орохоос айж, аймгуудаас нийслэл Кабул руу дүрвэж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet