БАЙГАЛЬ ОРЧИН

Италийн Сицили аралд Европын хамгийн өндөр халалт бүртгэгдсэн байж магадгүй

Италийн Сицилийн аралд агаарын хэм Цельсийн 48.8 хэмд хүрсэн нь Европын түүхэн дэх хамгийн өндөр халалт байж болзошгүй гэж мэдээлжээ. Бүс нутгийн эрх баригчид Дэлхийн Цаг уурын Байгууллага (ДЦУБ)-д тоо баримтыг илгээж, баталгаажуулах шаардлагатайг мэдээлэв.

ДЦУБ-ын мэдээлснээр Европт бүртгэгдсэн хамгийн өндөр халалт нь 1977 онд Грекийн Афин хотод Цельсийн 48 хэм хүрсэн тохиолдол юм.

Сүүлийн өдрүүдэд Италид тохиож буй хэт халалт нь Африк тивийн Люсифер хэмээх агаарын урсгалаас үүдэлтэй юм. Люсифер Италийн хойд зүг рүү чиглэн, нийслэл Ром зэрэг хотуудын температурыг улам нэмэгдүүлэх төлөвтэй байна.

Италийн Эрүүл мэндийн яам хэд хэдэн бүс нутагт хэт халалтын талаар анхааруулга өгсөн бөгөөд баасан гариг ​​гэхэд эрүүл мэндийн өндөр эрсдэлтэй хотуудын тоо наймаас 15 болж нэмэгдэх төлөвтэй байна гэжээ.

Газар дундын тэнгис орчмын хэт халалтын улмаас зарим улс орнуудад сүүлийн хэдэн арван жилийн түүхэн дэх хамгийн өндөр температур бүртгэгдэж, Италийн өмнөд нутгаар ой хээрийн түймэр тархаж, Сицили, Калабрия, Пуглия мужууд хамгийн их хохирол амсаад байна. Лхагва гаригт мэдээлснээр гал сөнөөгчид Сицили, Калабри мужуудад сүүлийн 12 цагийн дотор 300 гаруй гал унтраах ажиллагаа явуулжээ.

Аж үйлдвэржилт эхэлснээс хойш дэлхийн агаарын хэм Цельсийн 1.2 хэмээр дулаарсан бөгөөд улс орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахгүй бол агаарын температур нэмэгдсээр байх болно гэж мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet