Индонезийн арми эмэгтэй элсэгчдийн “онгон байдлыг” шалгахаа зогсоолоо

Индонезийн арми эмэгтэйчүүдийг ажилд авахдаа “онгон байдлын шинжилгээг” зогсоох шийдвэрийг гаргажээ. Уг процедурыг Индонезид “хоёр хурууны шинжилгээ” гэж нэрлэдэг. Учир нь үзлэг хийх явцад эмч нар онгон хальс бүтэн хэвээр эсэхийг шалгахын тулд хоёр хуруугаа эмэгтэйн үтрээнд оруулдаг байжээ. Харин онгон биш гэдгээ мэдэгдсэн хүмүүсийг ажилд авахаас татгалздаг байна.
Армийн штабын дарга, генерал Андика Перкаса Индонез даяар цэргийн командлагч нартай хийсэн телеконференцид олон арван жилийн турш үргэлжилсэн уламжлалыг зогсоож байгааг мэдэгдэж, эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдийн нэгэн адил армийн сурган хүмүүжүүлэх арга барилыг дагаж мөрдөх чадвараар нь сонгоно гэжээ. Индонезийн тэнгисийн цэргийн хүчин болон нисэх хүчин армийн удирдамжийг дагаж мөрдөхөө мэдэгдсэн байна.
Хүний эрхийн байгууллагууд тус шийдвэрийг нь сайшааж байгаа бөгөөд эмэгтэйчүүдэд илүү их боломжийг нээж өгөх болно гэж үзэж байгаа юм. Одоогийн байдлаар тус улсын 450,000 зэвсэгт хүчний ердөө 10% нь эмэгтэйчүүд байна.
ДЭМБ-аас онгон байдлын шинжилгээ нь шинжлэх ухаанч бус, хор хөнөөлтэй, эмэгтэй хүний эрхийг зөрчсөн бөгөөд шинжилгээнд хамрагдсан эмэгтэйчүүдийн бие махбодь, сэтгэл зүй, нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх шууд болон урт хугацааны үр дагаварт хүргэж болзошгүй гэж мэдэгдсэн. Мөн “Онгон хальсны төлөвөөр бэлгийн харьцаанд орсон эсэхийг батлах нь найдвартай биш бөгөөд үүнийг нотлох тодорхой шинжилгээ байдаггүй” гэж ДЭМБ-ын 2018 оны Онгон байдлын тестийг устгах нэртэй тайланд дурджээ.
Эх сурвалж: The Guardian

Хариулах