Live
COVID-19

С.Энхболж: ДЭМБ-ын долоон хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх баг өнөөдөр Монголд ирж байгаа

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл хуралдаж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан, ЭМ-ийн сайд С.Энхболд нар цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ удаагийн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын өнөөгийн байдал, халдварыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, эрчимжиж буй газар хөдлөлтийн нөхцөл байдал болон цаг агаарын гамшигт үзэгдлийг хохирол багатай даван туулах эрсдлийн сан бүрдүүлж, цаашид баримтлах бодлогын чиглэлээр хэлэлцэж байна. Шадар сайд, Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний зөвлөлийн орлогч дарга С. Амарсайхан хуралдааныг нээж хэлсэн үгэндээ гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагаа, иргэд, олон нийтийн оролцоо, хүчин чармайлт туйлын чухал гэдгийг онцолж хэллээ.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа, шинжилгээнд суурилсан цогц төлөвлөгөө гаргаж эрчимжүүлж, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлагыг олгох бэлтгэл, сургуулилтыг тогтмол хийх шаардлага тулгарч байгааг тэрээр дурдлаа. Гамшгийг тэсвэрлэх, түүнээс урьдчилан сэргийлэх үндэсний болон орон нутгийн чадавхыг бэхжүүлэх шат дараалсан ажлуудыг хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлийн сангийн хуримтлал бий болгох нь зүйтэй хэмээн үзэж буйгаа мөн Шадар сайд хэллээ.

Харин НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра “Коронавируст цар тахлын нөхцөлтэй дасан зохицож амьдрах шаардлага тулгарч байна. Бидний хийж чадах хамгийн чухал зүйл бол гамшгаас урьдчилан сэргийлэх ажил юм. Санхүүжилтийг шийдэх, урьдчилан сэргийлэх, төлөвлөлтийг хангаж ажиллах хэрэгтэй. Өнөөдрийн хурлын гол зорилго гамшгаас сэргийлэх төлөвлөлтийг гаргах юм. НҮБ-ын зүгээс бүх байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлье” гэлээ.

Түүний дараа ЭМ-ийн сайд С.Энхболд “ДЭМБ-ын долоон хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх баг өнөөдөр Монголд ирж байгаа. Нийт 42 хоног ажиллаж, манай эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллана” гэлээ.

Мөн халдарын үед ууж байгаа Арбидол эм ЭМЯ-нд 320 мянган ширхэг байгааг онцолсон. Түүнчлэн “Өнөөдрийн байдлаар дельта вирус дэлхийн 120 оронд тархаад байгаа. Эмнэл зүйн шинж тэмдэг богино хугацаанд илэрдэг, энэ нь эрүүл мэндийн байгууллагын ачааллыг эрс нэмж байна. Онцлог шинж тэмдэг нь тархалт маш өндөр, өмнө нь халдвар авч байсан ч дахин дельтагаар халдварлах боломжтой. Мөн вакцины үр нөлөөг саармагжуулдаг гэсэн судалгаа гараад байна.

Манай улсын хувьд тавдугаар сарын эхэнд Япон улс руу явуулсан дээжээс дельта хувилбар илэрсэн. Энэ нь зөөвөрлөгдсөн тохиолдол байсан. Өнөөдрийн байдлаар нийт 2000 сорьц дээр шинжилгээ хийж байгаа. Одоогоор дельта вирусийн долоон тохиолдол бүртгэгдээд байна.

Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг наймдугаар сарын сүүлээр эхлүүлэхээр төлөвлөсөн.

Цаашид:

  1. Гадаадаас ирсэн иргэдийн гэрийн тусгаарлалтын хяналтыг шинэ шатанд гаргах
  2. ДЭМБ-ын зөвлөх багтай хамтран ажиллах
  3. Хил дээрх хяналтын сорьц цуглуулах хувилбаруудыг хянах ажлыг эхлүүлсэн ба эрчимжүүлэх
  4. Батлагдсан тохиолдлын тандалт судалгааг сайжруулах, аль болох эмнэлэгт тусгаарлан эмчлэх
  5. Ойрын хавьтлыг гэрт нь тусгаарлах

Дотоодод авч хэрэгжүүлэх арга хэмжээ:

  1. Халдварын тохиолдолд анхаарал татсан хувилбаруудыг хянах
  2. Хариуцлагын механизмыг сайжруулах, шаардлагатай бол МХЕГ, ЦЕГ Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх
  3. Гурав дахь тунг наймдугаар сарын сүүлээр эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
  4. Мэдээлэл, сургалт, сургалт сурталчилгаанд хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран оролцуулна” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet