COVID-19

ХОВД АЙМАГ: Халдвартай иргэд болон тэдгээрийн хавьтал болсон хүмүүсийг тусгай үүргийн нислэгээр хот руу буцаана

Ховд аймагт гурван хүнээс коронавирусийн халдвар илэрч, PCR шинжилгээгээр нотлогдсон билээ. Иймд аймгийн Онцгой комисс коронавирусийн халдвартай хоёр иргэн, автобусны жолооч, хамт ирсэн зорчигчид нийт 41 иргэнийг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотруу тээвэрлэхээр шийдвэрлэжээ.

Ховд аймгийн ЗДТГ-аас дараах мэдээллээд өглөө.

-Ковид-19 цар тахлын дотоодын халдварын улмаас манай аймгийн цөөнгүй иргэд Улаанбаатар хотод түр саатаад байсан. Тэдгээр иргэдийн хүсэлтийн дагуу аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж өнөөдөр /2021.01.26/-ны өдөр эхний ээлжийн иргэдээ хүлээн авсан. Нийтийн тээврийн таван автобусаар ирсэн иргэдээс Дарви сумын хяналтын пост дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлсэн. Нэг гэрт амьдарч байсан гурван иргэний /эгч дүүс/ шинжилгээ түргэвчилсэн оношлуураар эерэг гарч сорьцыг БОЭТ-ийн лабораторит авчран PCR-ийн шинжилгээ хийхэд мөн эерэг гарсан байна.

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу дахин баталгаажуулалт хийснээр хоёр нь эерэг, нэг нь сөрөг гарч Ховд аймагт Коронавирусний халдварын зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол бүртгэгдлээ. Уг иргэд энэ сарын 23-нд Улаанбаатар хотод шинжилгээ өгч 25-нд автобусанд суусан байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Эхний ээлжинд сорьц шинжилгээний хариу, БОЭТ, Халдвартын тасгийн бэлэн байдал, эм тарианы нөөц ямар байгаа талаар мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонслоо. Дараагаар нь хязгаарлалтын дэглэм тогтоох тухай Засаг даргын захирамж гарган баталлаа. Хуулийн дагуу болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс нэгдүгээр сарын 26-ны 20.00 цагаас 29-ны 00.00 цаг хүртэл Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гарах, орох хөдөлгөөнийг түр хязгаарласан.

Халдвартай болон хавьтагч иргэд /автобусын жолооч, зорчигчид/ нийт 41 хүнийг Дарви суман дээр тусгаарлалтад байлгасан ба тэдгээр иргэдийг энэ сарын 27-ны өглөө Дарви сумаас тусгай машинаар гаргасан маршрутын дагуу Нисэх онгоцны буудал руу авч ирж мөн өдрийн өглөө Улаанбаатар хот ХӨСҮТ-рүү тусгай үүргийн онгоцоор журмын дагуу тээвэрлэхээр бэлтгэл ажлаа бүрэн хангаж, ажлын хэсэг байгууллаа. Хот хоорондын нийтийн тээврээр зорчиж буй иргэдээс халдвар илэрч байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хаагаад байна. Өөрөөр хэлбэл аймгуудын иргэдээ татан авах ажлыг бүрэн зогсоолоо.

Улаанбаатар хотоос ирж гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тасралтгүй хяналт тавих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч ажиллахыг сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet