СОЁЛ УРЛАГ

Гавьяат жүжигчин, дуучин Х.Төмөрбаатар тэнгэрт дэвшжээ

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Хайдавын Төмөрбаатар таалал төгслөө. Тэрбээр Хөгжим бүжгийн дунд сургууль болон хуучнаар ЗХУ-ын Львов хотын Хөгжмийн дээд сургуулийг төгөлдөр хуурчийн мэргэжлээр төгссөн бөгөөд Улсын филармонийн “Баян Монгол” чуулгыг үндэслэн байгуулсан анхдагчдын нэг байв.

Х.Төмөрбаатар нь Улсын филармонийн “Соёл Эрдэнэ”, “Баян Монгол” чуулгад гоцлол дуучин, уран сайхны удирдагчаар ажиллаж байсан бөгөөд оюутан ахуйдаа Киев хотноо болсон оюутан залуусын эстрад дуучдын уралдаанд оролцож түрүүлснээс эхлээд ОХУ-ын Сочи, Германы Дрезден, Чехословакийн Братислав зэрэг гаднын улс орнуудад болсон тэмцээнд амжилттай оролцож, Монголын эстрад урлагийг дэлхий дахинд сурталчлахад онцгой хувь нэмэр оруулсан уран бүтээлч байсан юм.

“Сэтгэлийн жигүүр”, “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар минь” дуунуудаараа олонд танигдан хүндлэгдсэн түүний Монголын эстрадын урлагт оруулсан онцгой хувь нэмрийг үнэлж, 2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнасан билээ.

Юнител групп “Hero Entertainment” студитэй хамтран ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээж буй хуучны болон орчин цагийн сэтгэлд хоногшсон 100 дууны жагсаалтад түүний дуулсан “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар минь” дуунууд зүй ёсоор багтсан юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet