УИХ

“Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.30/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж, хэлэлцүүлж байна.

“Шинэ сэргэлтийн бодлого” нь боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот, хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн үндсэн 6 багц асуудлаас  бүрдэх бөгөөд эдгээр зорилтуудыг цаг алдалгүй шийдвэрлэх хөгжлийн 20 төсөл, эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд эхний ээлжинд 28 хуульд нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийх болон шинээр хууль өргөн барих зайлшгүй шаардлагатай жагсаалтыг хавсаргалаа.

Дэлхий даяар цар тахлаас үүдэн, экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч, дэлхийн геополитикийн хүчин зүйл давхцсан нэн хүнд цаг үед Та бид эдгээр асуудлуудын шийдэл болсон “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэлэлцэж байна.

Цар тахлын үед Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш хоёрдахь удаагаа -5.3 хувь хүртэл агшлаа. Цар тахал хэр удаан үргэлжилж, хичнээн удаа хувьсан өөрчлөгдөхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөөдрийг хүртэл бүрэн тодорхойлж чадахгүй байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт, Омикрон вирусийн тархалт шинэ оны томоохон сорилт болохыг дэлхийн банк санхүүгийн байгууллагууд онцолсоор байна.

Цар тахал өөрөө ер бусын нөхцөл байдлыг үүсгэж байгаа учраас шийдэл ч мөн ер бусын байхыг шаардаж байна. Монголчууд бид энэхүү сорилтоос гарах цорын ганц арга зам бол Экспортын өсөлт юм аа.

Монгол Улс хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлс болсон суурь дэд бүтцийн болон засаглалын асуудлуудыг шийдвэрлэхэд эхний ээлжинд 57 их наяд, бүрэн шийдвэрлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай. Бүх Засгийн газар, бүх Ерөнхий сайд нарын гол асуудал энэхүү санхүүгийн асуудал байсан гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Орлого талын асуудалд төдийлөн төвлөрч чадахгүй, зарлага талаа сонгуулиас сонгуулийн хооронд хүлээлт үүсгэн тэлсээр нийгмийн хүлээлт, бодит байдал хоёр тэнгэр газар мэт зөрүүтэй болсон гашуун үнэнтэй цар тахлын энэ цаг үед бодитоор нүүр туллаа.

Эдийн засгийг сууриар нь тэлэхгүйгээр бидний дэвшүүлсэн зорилго зорилт бүхэн цаасан дээр царцан үлдэж, улс төрийн маргааны чөтгөрийн тойрогт Монгол Улсын амьдралын цаг идэгдсээр байх болно.

Өнөөдөр миний бие Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болсоор ирсэн суурь асуудлууд, түүний гарц шийдлийн тухай зургаан багц асуудлыг ярихаар бэлтгэлээ гэлээ. /Ерөнхий сайдын мэдээллийг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү/

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх тогтоолын төслийг хэлэлцэх явцад Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн 1 дүгээр хавсралтад “10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм” гэж тодорхойлсон ч Хөгжлийн бодпого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасан “…Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зорилго, зорилт, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажсан үйл ажиллагаа бүхий, тоон болон чанарын шалгуур үзүүлэлтээр хэмжигдэх” гэсэн шалгуурыг хангаагүй.

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан тодорхой зарчмууд болох “судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх”, “зорилго, зорилт хэмжигдэхүйц байх”, “төлөвлөлт нь үр дүнд чиглэсэн байх”, “шалгуур үзүүлэлт нь зорилготой нийцэж байх”, “оролцогчдын хариуцлагын зарчим”-ыг тус тус баримтлаагүй. Энэ нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.2.9-д заасан “Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байх зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор энэ хуульд заасан зарчмыг баримтлаагүй, шаардпагыг хангаагүй хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэн батлахгүй байх.” гэснийг зөрчихөд хүрч байгаа талаар анхааруулж, тогтоолын төслийг боловсруулсан ажлын хэсгээс өргөн мэдүүлсэн төсөл хуульд нийцэж буй талаар асуулт асууж, хариулт авсан гэлээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Доржханд эдийн засгийн бодлого гэж эдийн засгийн төсөл байх ёстой, зөв төслүүд орж ирсэн учраас дэмжиж байгаа, эдийн засагт зохих нөлөө үзүүлэх дэд бүтцийн чиглэлээрх төслүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар чухал ач холбогдолтой, цөөхөн төслийг Засгийн газарт өр үүсгэхгүйгээр богино хугацаанд хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн сайн гүйцэтгэж байгаа ажилд төр оролцохгүйгээр хамтран ажиллаж дэмжих, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тогтоолын төслийн 4 дүгээр хавсралтад заасан Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай анхдагч хуулийн төслөөр ямар хяналт шалгалтыг төр зогсоож байгааг тодорхой болгох, хяналт шалгалтыг давхардуулахгүйгээр хийх, ингэснээр бидний хэрэгжүүлэх гэж байгаа том зорилт саадгүй биелэх боломжтой болно гэсэн саналуудыг хэлсэн байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал УИХ-ын гишүүн Ч.Ундрам, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх санхүүжилтийг хэрхэн шийдэх талаар тодруулсан.

Сангийн сайд Б.Жавхлангийн хариулснаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудад хүрэх 20 төсөл, арга хэмжээ бий аж. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд 57 их наяд төгрөгийн санхүүжилт, бүрэн хэрэгжүүлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай аж. Энэ хөрөнгийг төр дангаараа бүрдүүлэх боломжгүй нь ойлгомжтой.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурласан эдийн засгийн шинэ бүтэц бий болгох гэлээ. Үндсэндээ төр засуулын үүрэг гүйцэтгэж, иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд барилдахад бүх талын дэмжлэг үзүүлнэ гэсэн хариултыг өгсөн. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet