УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан
Улсын Их Хурлын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр 2024 оны 7 дугаар сараас хойш Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр, мөн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн гишүүнээр ажиллаж байна. 2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар (Бүсчилсэн хөгжил, Онцгой байдал хариуцсан) томилогдсон.
-Улсын онцгой комиссын дарга
-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга
-Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын Монголын талын дарга
-Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын Монголын талын дарга
-Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын Монголын талын дарга
-Монгол, Их Британийн дугуй ширээний уулзалтын Монголын талын дарга
-Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барьж байгуулах асуудлаарх Засгийн газрын Ажлын хэсгийн дэд даргаар тус тус ажиллаж байна.

1.Байнгын хорооны үйл ажиллагаа
Анхдугаар чуулган (2024.07.02–2024.07.10)
Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулиар Үндэсний эвслээс 4 гишүүн сонгогдсон бөгөөд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тус эвслийн гишүүдийн хамт анхдугаар чуулганы хуралдаанд оролцож, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Тэрээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр, мөн УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүнээр ажилласан.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо анхдугаар чуулганы хугацаанд 2 удаа хуралдаж, Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх болон Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж, 1 санал дүгнэлт гаргасан. Төрийн байгуулалтын байнгын хороо 4 удаа хуралдаж, 21 хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын 7 төсөл, албан тушаалтныг томилох, чөлөөлөх 4 асуудлыг хэлэлцэн, 11 хууль, УИХ-ын 13 тогтоолыг батлуулсан. Мөн зарчмын зөрүүтэй 27 саналын томьёоллыг бэлтгэсэн.
Ээлжит бус чуулган (2024.08.15–2024.08.30)
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 3 удаа хуралдаж 2 хуулийн төсөл, УИХ-ын 2 тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлгийн 3 санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй 3 саналын томьёолол бэлтгэсэн.
Төрийн байгуулалтын байнгын хороо 5 удаа хуралдаж, 5 хуулийн төсөл, УИХ-ын 8 тогтоолын төсөл, Байнгын хорооны 1 тогтоолын төсөл, Үндсэн хуулийн цэцийн тогтоолтой холбогдох 1 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 151, эцсийн хэлэлцүүлгийн шатанд 10 саналын томьёолол бэлтгэсэн. Мөн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Байнгын хороо Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, төрийн албаны хүний нөөцийн бодлого, холбогдох судалгаа, мэдээлэлтэй танилцан санал солилцсон.

2024 оны намрын ээлжит чуулган (2024.10.01–2025.01.24)
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр намрын ээлжит чуулганы хугацаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр ажиллаж, чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанд оролцсон.

2025 оны хаврын ээлжит чуулган (2025.03.17–2025.07.09)
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 11 удаа хуралдаж, 20 асуудал хэлэлцсэн. Үүнээс 4 хуулийн төсөл, УИХ-ын 6 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оруулж, 2 хууль, УИХ-ын 6 тогтоолыг батлуулсан. Мөн олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцын талаар зөвшилцөх 4 асуудлыг шийдвэрлэж, Засгийн газарт санал дүгнэлт хүргүүлсэн.
Төрийн байгуулалтын байнгын хороо 24 удаа хуралдаж, 65 асуудал хэлэлцсэн. 31 хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын 17 төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаж батлуулсан бөгөөд яам, агентлаг, харьяа байгууллагын 6 тайлан, мэдээллийг хэлэлцэж, Байнгын хорооны 8 тогтоол баталсан.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт “Камаз 4326” маркийн авто машин болон завь бэлэглэв.
Тодруулбал Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр 2025 оны зун Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт бартаат замын, туулах чадвар өндөртэй, аврах, эрэн хайх зориулалт бүхий, дотроо амрах боломжтой “Камаз 4326” маркийн авто машин, Австри Улсад үйлдвэрлэсэн 6 хүний “Ranger” хийлдэг завины хамт хүлээлгэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Л.Лхагвадорж энэ үеэр “Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр манай аймагт гараад байгаа ойн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт бартаат замын, туулах чадвар өндөртэй, аврах, эрэн хайх зориулалт бүхий, дотроо амрах боломжтой Камаз 4326 маркийн авто машин, Австри Улсын 6 хүний Ranger хийлдэг завины хамт хүлээлгэн өглөө. Одоо идэвхтэй асаж байгаа түймрийн голомтууд нь ихэвчлэн хөвчийн гүндээ , модны унианга ихтэй байгаа нь машин техник хүрч очиход ихээхэн хүндрэл үүсээд байсан юм. Нэн чухал шаардлагатай, зориулалт бүхий авто машиныг өгсөн нь цаг үеэ олсон томоохон дэмжлэг болж байгаа юм. Танд ажлын амжилт хүсье” гэв.
2025 оны намрын ээлжит чуулган (2025.09.15–2025.12.31)
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 8 удаа хуралдаж, 2 хамтарсан хуралдаан зохион байгуулсан. Нийт 15 асуудлын хүрээнд 4 хуулийн төсөл, УИХ-ын 1 тогтоолын төслийг хэлэлцэж, 3 мэдээлэл, тайлан сонсож, 13 санал дүгнэлт бэлтгэн, 4 асуудлыг зөвшилцсөн.
Төрийн байгуулалтын байнгын хороо 17 удаа хуралдаж, 1 хамтарсан хуралдаан зохион байгуулсан. Нийт 32 асуудлын хүрээнд 7 хуулийн төсөл, УИХ-ын 16 тогтоолын төсөл, Байнгын хорооны 5 тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж, 2 мэдээ, тайлан сонсож, 13 санал дүгнэлт бэлтгэсэн.
2026 оны хаврын ээлжит чуулган (2026.03.16–2026.07.03)
Төрийн байгуулалтын байнгын хороо бусад байнгын хороотой хамтарсан 1 хуралдааныг оролцуулан нийт 24 удаа хуралдаж, 73 асуудал хэлэлцсэн. 23 хуулийн төсөл, УИХ-ын 16 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаж, 4 хууль, УИХ-ын 16 тогтоолыг батлуулсан. Мөн яам, агентлаг, харьяа байгууллагын 5 тайлан, мэдээллийг хэлэлцэж, Байнгын хорооны 9 тогтоол баталж, нэр дэвшигчийн сонсголыг 3 удаа зохион байгуулсан.

2. Ажлын хэсгийн үйл ажиллагаа
Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах Ажлын хэсэг
УИХ-ын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 73 дугаар захирамжаар байгуулагдсан тус Ажлын хэсгийн гишүүнээр ажилласан. Ажлын хэсэг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын “Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан”, Төрийн албаны зөвлөлийн “Төрийн албан хаагчдын сэтгэл ханамж, хандлага” судалгааны тайланг сонссон. Мөн КОЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй “Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн зөвлөх үйлчилгээний тайлангийн танилцуулга, “Бүсчилсэн хөгжил – Төрийн албаны манлайлал” бүсчилсэн зөвлөгөөнд оролцсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах Ажлын хэсэг
УИХ-ын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 103 дугаар захирамжаар байгуулагдсан тус Ажлын хэсэг 2 удаа хуралдсан. 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүний эрхийн үндэсний комиссоос хөдөлмөрлөх эрхтэй холбоотой мэдээлэл сонссон. 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар “Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн улсын үзлэг-2024”-ийн танилцуулгыг сонссон. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс холбогдох мэдээлэл авсан.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилттэй танилцах Ажлын хэсэг
УИХ-ын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 113 дугаар захирамжаар байгуулагдсан тус Ажлын хэсэг 7 удаа хуралдсан. Ажлын хэсэг Эрүүл мэндийн даатгалын санд хийсэн актуар тооцоолол, эрүүл мэндийн салбарын дахин инженерчлэлийн судалгаа, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, бодлогын шийдвэрийн талаар мэдээлэл сонссон. 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт, эрт илрүүлгийн оролцоог сайжруулах, олон улсын туршлага судлах асуудлыг хэлэлцсэн.
Агаарын бохирдлыг бууруулах шуурхай штаб
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2025 оны 10 дүгээр сарын 18, 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх шуурхай штабын хуралд оролцож, нийслэлийн хөгжлийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн. УИХ-д суудалтай намууд агаарын бохирдолтой тэмцэх асуудлаар хамтран ажиллахаар зөвшилцсөний дагуу Үндэсний эвсэл штабын үйл ажиллагаанд оролцож, тухай бүр саналаа хүргүүлсэн.

“Агаарын бохирдлыг бууруулах бодлого, шийдвэр XX зууны сэтгэхүйд байна. Утааны тэмцэл яндан хөөлөх, зуух тараах биш. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, орон сууцжуулах тухай юм. Ипотекийн зээл алдагдалгүй байвал ашиг олох зорилгогүй байж болно” хэмээн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр онцолсон.

Бусад ажлын хэсэг
• “Бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлэх бүтээгдэхүүн солилцооны талаар хууль тогтоомжийн төсөл боловсруулах” Ажлын хэсэг (УИХ-ын даргын 2025 оны 200 дугаар захирамж) - 4 удаа хуралдсан.
• “Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах” Ажлын хэсэг (2025 оны 254 дүгээр захирамж) - 2 удаа хуралдаж, боловсруулсан хуулийн төслүүдийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.
• “Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах” Ажлын хэсэг (2025 оны 255 дугаар захирамж).
• “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдвээр ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл хангах Ажлын хэсэг (65 дугаар захирамж).
• “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай” болон Нийтийн өмчийн тухай хуулийн (шинэчилсэн найруулга) төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг (2025 оны 529 дүгээр захирамж) - 5 удаа хуралдаж, 2 хэлэлцүүлэг зохион байгуулсан. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан.
• “Эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр хууль тогтоомжийн төсөл боловсруулах” ажлын хэсэг (2026 оны 28 дугаар захирамж) – 2 удаа хуралдаж, 2 уулзалт зохион байгуулсан.
3. Хууль тогтоох болон хяналтын үйл ажиллагаа
Өргөн барьсан хууль, тогтоолын төсөл
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ажлын хэсгийн гишүүний хувьд Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлэхэд оролцсон. Мөн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, уг хууль 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан.
УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барьсан. Хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нар 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хамтран баталсан бөгөөд Шадар сайдын 92 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймагт хуралдаж, 05 дугаар сарын 29-ний өдөр олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Төслийг яамдаас санал авч тусгасны дараа Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн.

Анх 1995 онд баталж, 2017 онд шинэчлэн найруулсан тус хууль нь үйл ажиллагаагаа олон улсын стандартад нийцүүлж буй бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчдийн хэрэгцээг хангахаа больсон. Одоогоор Монгол Улсад 6657 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ч хэрэгжилт хангалтгүйгээс хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж, хуулийн төсөл батлагдсанаар стандартын шаардлагыг бүх салбарт хатуу мөрдүүлэх, тухайлбал стандартын шаардлага хангаагүй барилга байгууламжийг төр хүлээн авахгүй, улсын төсвөөс санхүүжүүлэхгүй байх зарчмыг хэрэгжүүлэхийг танилцуулсан.

4. Томилолт, гадаад харилцаа
УИХ-ын гишүүний хувьд
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Оксфордын их сургуульд зочилж, тус сургуулийн ерөнхийлөгч болон судлаачидтай уулзан, төрийн байгуулалт, эдийн засгийн чиглэлээр туршлага судлах, хамтран ажиллах талаар санал солилцсон.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийсэн ажлын айлчлал (2026.06.08–06.15)
УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр айлчлалын хүрээнд 06 дугаар сарын 09-ний өдөр Шинжаан-Уйгурын Өөртөө Засах Орны Өрөмч хотод Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцаж, Булган боомтоор газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах боломжийн талаарх судалгааг эхлүүлсэн. Мөн ШУӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Шяожян болон Ардын засгийн газрын удирдлагуудтай уулзаж, Алтайн орчмын дэд бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон.

Алтайн орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд 06 дугаар сарын 10-ны өдөр оролцож, Арцсуурь–Цагаан толгойн боомтыг Булган–Такешикены боомттой төмөр замаар холбох, Казахстанаас газрын тосны бүтээгдэхүүн импортлох шинэ суваг нээх сонирхлоо илэрхийлсэн.

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай 06 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, гамшгаас урьдчилан сэргийлэх дэвшилтэт технологи нэвтрүүлэх, алба хаагчдыг сургах чиглэлээр хамтарсан үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулахаар тохиролцсон. Мөн өдөр Цинхуа их сургуульд зочилж, бүсчилсэн хөгжлийн чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд Хятадын Коммунист Намын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Лю Хайшинтай уулзсан.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын засгийн газрын тэргүүлэгч Бао Гантай 06 дугаар сарын 13-нд, Эрээн хотын дарга Ма Хайтаотай 14-ний өдөр уулзаж, Замын-Үүд–Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хүнд болон хөнгөн аж үйлдвэр, аялал жуулчлал, худалдаа гэсэн 4 чиглэлээр хөгжүүлэх, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, малын вакцины үйлдвэрлэлд хамтран ажиллах асуудлаар санал солилцсон.

Бүгд Найрамдах Турк Улсад хийсэн ажлын айлчлал (2026.06.22–06.25)
УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр Анкара хот дахь Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, БНТУ-ын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчи, Худалдааны сайд Өмер Болат, Аж үйлдвэр, технологийн дэд сайд Оруч Баба Инан, Гамшиг, онцгой байдлын удирдлагын газар (AFAD)-ын дарга Али Хамза Пехливан нартай уулзсан. Уулзалтуудаар Хөшигийн хөндий, Хархорум хотын эдийн засгийн тусгай бүсийн бүтээн байгуулалтад Туркийн компаниудыг оролцуулах, эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төслийг танилцуулах, гамшгийн удирдлагын технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх асуудлыг хэлэлцсэн.

Мөн Туркийн Барилгачдын холбоо (TCA), Namet Grup компани, Turkish Airlines компанийн удирдлагуудтай уулзаж, Хархорум хотын бүтээн байгуулалт, халал стандарт бүхий махны үйлдвэрлэл, Улаанбаатар–Истанбул чиглэлийн нислэг болон ачаа тээврийг хөгжүүлэх талаар ярилцсан. AFAD-д ажиллаж, эрэн хайх, аврах ажиллагааны техник хэрэгсэлтэй танилцсан.

Казахстан, Киргиз Улсад оролцсон арга хэмжээ
УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Астана хотноо Евразийн эдийн засгийн тавдугаар чуулга уулзалтад оролцож, Казахстаны Хөдөө аж ахуйн сайд, Засгийн газар хоорондын комиссын Казахстаны хэсгийн дарга Айдарбек Сапаров, Худалдаа, интеграцийн сайд Арман Шаккалиев нартай уулзан, худалдаа, тээвэр логистик, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон.

2026 оны 09 дүгээр сарын 01-02-ны өдөр Бишкек хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын өргөтгөсөн хуралдаанд оролцож, Ерөнхийлөгчийн Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нартай хийсэн уулзалтад хамт оролцсон. Уулзалтуудаар Киргиз Улстай худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх, Гашуунсухайт–Ганцмодны төмөр замыг 2027 онд дуусгах, УБТЗ-ын ачаа тээврийн хүчин чадлыг 50 сая тоннд хүргэх, нефтийн бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлт зэрэг асуудлыг хэлэлцсэн. Мөн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувьд Киргиз Улсын Сайд нарын танхимын орлогч дарга У.Э.Маматкановтай уулзсан.

Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан
УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр 2026 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд Астана хотноо хоёр улсын Засгийн газар хоорондын монголын хэсгийн даргын хувиар Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаанд оролцов. Хуралдаанаар талууд хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээр тохиролцож, тээвэр логистик, геологи, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, байгаль орчин, гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хамтарсан протоколд гарын үсэг зурсан. Мөн баруун бүсэд халал зах зээлд гаргах мах, махан бүтээгдэхүүний томоохон үйлдвэр барих, Булган–Такешикен чиглэлийн төмөр замыг Казахстаны Аягоз–Бахты чиглэлийн төмөр замтай холбох хамтарсан ажлын хэсэг байгуулах, Казахстанаас дизель түлш, түүхий тос худалдан авах, Казахстаны талаас ураны геологи, хайгуулын ажил хийх, алт худалдан авах асуудлыг хөндөв.
“Монгол Улс, БНКазУ-ын худалдаа 60 орчим сая ам.доллар байгаа нь тун чамлалттай. Худалдаа, эдийн засгийн маш өргөн нөөц бололцоо бидэнд бий. Одоо протоколоо бодит ажил хэрэг болгохоор шуурхайлан ажиллах болно” хэмээн УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр онцолсон.
Хүлээн авч уулзсан гадаад орнуудын зочид, төлөөлөл
УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр 2026 оны 04-09 дүгээр сард БНХАУ (Шэнь Миньжюань), Европын Холбоо (Ина Марчюлёните), Турк (Башак Гэнч Юксэл), ОХУ (А.Н.Евсиков), Энэтхэг (Атул Малхари Готсурве), ХБНГУ (Хельмут Кулитц), Их Британи (Фиона Блайт), Франц (Коринн Пэрера Да Силва), БНСУ (Чой Жин Вон), Киргиз (Айбек Молдогазиев), Япон (Игавахара Масарү) Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзсан. Уулзалтуудаар бүсчилсэн хөгжил, чөлөөт бүс, эдийн засгийн тусгай бүс, стандартын шинэчлэл, хөрөнгө оруулалтын орчин, гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон. Энэтхэгийн Элчин сайдтай Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэх талаар ярилцсан.

Мөн ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук, Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденко, Буриад Улсын Тэргүүн А.С.Цыденов, Өвөр Байгалийн хязгаарын сайд В.С.Эксюзян, Казахстаны Худалдаа, интеграцийн тэргүүн дэд сайд А.А.Бижанова, НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, Азийн хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч Скотт Моррисс болон Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора, Төв Хятадын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Туркийн “Япы Меркези Холдинг”-ийн төлөөлөл, Монгол, Хятад, Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан. Уулзалтуудаар баруун, зүүн босоо тэнхлэгийн төмөр замын коридор, Алтанбулагийн чөлөөт бүс, Замын-Үүд чөлөөт бүсийн санхүүжилт, Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан Түр хэлэлцээрийн хэрэгжилт зэрэг асуудлыг хэлэлцсэн.

Олон улсын арга хэмжээ
УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр 2026 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт болсон “Европын өдөрлөг”-ийг нээж, Европын улсуудын Элчин сайд нартай уулзсан. Мөн 08 дугаар сарын 17-ны өдөр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын нээлтэд оролцож, 08 дугаар сарын 25-ны өдөр Ган тэсвэрлэх чадварын асуудлаарх сайд нарын хоёрдугаар хурлыг нээж, Засгийн газрын нэрийн өмнөөс “Ус–Газрын уялдааны санаачилга”-ыг эхлүүлж буйг мэдэгдсэн. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар “COP17: Усны өдөр”-ийг зохион байгуулж, ОБЕГ-ын алба хаагчид бага хурлын аюулгүй байдлыг 24 цагаар хангаж ажилласан.

“Улаанбаатар хотоос нийт 197 Талд хандан нэг тодорхой санааг хүргэе. Ус бол эрүүл газар нутаг, хүнсний аюулгүй байдал, тогтвортой орон нутаг, энх тайвныг хооронд нь холбож байдаг” хэмээн УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр онцолсон.
Улсын онцгой комиссын даргын хувьд:
Хаваржилт хүндэрч, хээрийн түймэр гарсантай холбогдуулан Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор улсын нөөцөөс 5.3 тэрбум төгрөгийн бараа материал гаргаж, зарим аймгийн Засаг даргын Тамгын газарт туулах чадвар сайтай автомашин, гэр, шатахуун олгосон.

Шүлхий өвчний SAT1 хэвшил Баян-Өлгий, Ховд аймагт анх удаа оношлогдсонтой холбогдуулан Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 237 дугаар тогтоолоор 5 аймагт хорио цээрийн дэглэм тогтоож, 06 дугаар сарын 23-наас эрсдэлтэй сумдын малыг дархлаажуулах ажлыг зохион байгуулсан. Мөн Засгийн газрын 09 дүгээр сарын 09-ний өдрийн 368 дугаар тогтоолоор зориудаар устгасан 4155 толгой малын нөхөн төлбөрт нийт 6.07 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас шийдвэрлүүлсэн.

Улсын онцгой комиссын даргын 2026 оны гуравдугаар тушаалаар иргэд, олон нийтийн болон орчны аюулгүй байдлыг хангах үзлэг, хяналт-шалгалтын нэгдсэн удирдамжийг баталж, улсын хэмжээнд 12 чиглэлийн 23738 хуулийн этгээдэд хяналт-шалгалт хийж, 20182 зөрчил илрүүлснээс 9367-г газар дээр нь арилгуулж, 77 хуулийн этгээдийн үйл ажиллагааг бүхэлд нь болон хэсэгчлэн зогсоосон. Мөн тавдугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг Булган, Сэлэнгэ, Өмнөговь аймагт уул уурхайн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт-шалгалт хийсэн бөгөөд УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр 06 дугаар сарын 27-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирын хамт шалгалтын явцтай газар дээр нь танилцсан.

Өвөлжилтийн бэлтгэл, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажил
УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр 2026 оны 07 дугаар сарын 23-наас 08 дугаар сарын 11-ний өдрүүдэд 21 аймагт ажиллаж, орон нутагт тулгамдсан 205 асуудлыг эрэмбэлэн, Засгийн газрын хуралдаанд 3 удаа танилцуулж, холбогдох яам, байгууллагуудад үүрэг өгөх 3 тэмдэглэл гаргуулсан. Аймаг бүрд “Бүсчилсэн хөгжлийн бодлогоор эдийн засгаа чөлөөлье” сэдвээр илтгэл тавьж, Засгийн газрын бодлогыг танилцуулсан. Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга нар, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай 07 дугаар сарын 20, 30, 08 дугаар сарын 14, 19-ний өдрүүдэд хуралдаж, өвөлжилтийн бэлтгэлийн талаар үүрэг чиглэл өгсөн.

Орон нутгаас ирүүлсэн саналд үндэслэн 2026 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сангийн сайд З.Мэндсайханд 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөлтэй холбоотой санал хүргүүлж, салбарын сайд нарт асуудлуудыг ангилан шийдвэрлүүлэхээр албан бичиг хүргүүлсэн. Үр дүнд нь Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2026 оны төсвийн тодотголд 26, 2027 оны төсвийн төсөлд 48 төсөл, арга хэмжээний санхүүжилт тусгагдсан. Тухайлбал:

Төсвийн тодотголоор эрчим хүчний салбарт 200 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт тусгаснаас 92.7 тэрбумыг станц, сүлжээний их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд, 107.3 тэрбумыг импортын цахилгааны өртгийн зөрүүг хэрэглэгчийн тарифт шилжүүлэхгүй байх татааст зарцуулна. Мөн орон нутгийн өмнөх оны ашиглаагүй үлдэгдэл төсвийг тухайн орон нутаг өөрөө зарцуулах боломжийг нээсэн.
• 2027 оны төсвийг дагалдан өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн 50 хувийг сургууль, цэцэрлэг, эмнэлгийн их засвар, тоног төхөөрөмж, тусгай хамгаалалттай газрын менежмент, ногоон эрчим хүчний төсөлд орон нутаг өөрөө зарцуулах эрх олгохоор тусгасан.
• 2027 оны төсвийн төсөлд орон нутгийн төсөвт 395.3 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн санд 587.8 тэрбум төгрөгийн орлогын шилжүүлэг, гацсан 10 аймгийн дулааны станцын ажлыг үргэлжлүүлэхэд 191.3 тэрбум, баруун аймгуудын цахилгаан хангамжийн өргөтгөлд 40 тэрбум, Ховд аймгийн Мянгад–Жаргалантын 110 кВ-ын шугам, дэд станцад 39.6 тэрбум төгрөг тусгасан.
• Жаргалант–Шинэ-Идэр–Мөрөн чиглэлийн 151.5 км авто зам, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 100 ортой хүүхдийн эмнэлгийн санхүүжилтийг 2027 оны төсвийн төсөлд тусгасан.

Түүнчлэн Төв аймгийн саналаар Хүннү хотын эдэлбэр газарт дулааны цахилгаан станц барих 30 га газрын асуудлыг Засгийн газрын 07 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад Starlink, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон туулах чадвар сайтай түргэн тусламжийн 80 автомашиныг хүлээлгэн өгсөн. Ховд аймгийн дулааны станцын өргөтгөлийг ашиглалтад оруулах Улсын комиссыг ажиллуулж, туршилтыг эхлүүлсэн бөгөөд Завхан, Хөвсгөл аймгийг нүүрсээр хангадаг “Могойн гол” ХК-ийн хэвийн үйл ажиллагааг хангах арга хэмжээ авч байна.

2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр нарын оролцоотойгоор Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж, аймаг, нийслэлийн удирдлагуудад өвөлжилтийн бэлтгэлийн талаар үүрэг чиглэл өгсөн.

Онцгой байдлын салбарт:
• Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Монгол Улсад гамшгийн эрт зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн удирдах хороог Шадар сайдын 107 дугаар тушаалаар байгуулж, 2026 оны төлөвлөгөөнүүдийг баталсан. Мөн “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Ерөнхий сайдын 197 дугаар захирамжаар Шадар сайдад олгосон.

• Дундговь (05 дугаар сарын 20–22), Архангай (06 дугаар сарын 10–12) аймагт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” зохион байгуулж, нийт 1000 гаруй удирдах ажилтан, алба хаагч оролцсон.
• Онцгой байдлын алба хаагчдын мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 2027 оны 01 дүгээр сарын 01-нээс 5 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.
• Монгол, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний сургалт, дадлагыг 09 дүгээр сарын 21–25-ны өдрүүдэд Увс аймагт зохион байгуулж, баруун бүсийн 5 аймгийн 200 гаруй алба хаагч оролцсон.

• “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Шадар сайдын 138 дугаар тушаалаар Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах журмыг шинэчлэн баталж, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн. 09 дүгээр сарын 25-ны байдлаар 774 хүсэлтэд цахимаар зөвлөмж хүргүүлж, 209 объектод дүгнэлт олгосон.
• Гамшгаас хамгаалах тухай болон Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болгосон.

• Улсын онцгой комисс, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран ухаалаг утасны SOS системийг ашиглалтад оруулсан бөгөөд иргэн гар утасныхаа хоёр талын товчлуурыг зэрэг дарж 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой болсон.

• 07 дугаар сарын 29-ний өдөр “Азийн бүс нутгийн хүрээлэн буй орчны аюул” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний II хуралд оролцсон.

Стандарт, хэмжил зүйн салбарт
• Шадар сайдын 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 150 дугаар тушаалаар хүчин төгөлдөр 3500 гаруй үндэсний стандартыг иргэд үнэ төлбөргүй ашиглах боломжийг бүрдүүлсэн.
• БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Стандарт, хэмжил зүйн газар БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар (SAMR)-тай “Хэмжил зүйн салбарын хамтын ажиллагааны үйл ажиллагааны төлөвлөгөө (2026–2028)”-нд гарын үсэг зурсан.

• Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан Худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ноос хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тус холбоонд мөрдөгдөж буй 52 техникийн зохицуулалтыг estandard.gov.mn системд нээлттэй байршуулсан.
• 04 дүгээр сарын 29-ний өдөр хүнс үйлдвэрлэгч 30 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, чөлөөт бүсэд газар олгох, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг хүлээн зөвшөөрөх зэрэг асуудлаар санал солилцсон.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын чиглэлээр:
• Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг холбогдох сайд нар 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хамтран баталсан. Төсөлд 2030 он гэхэд улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авдаггүй аймгийн тоог 11 болгох зорилт тусгасан.

• Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 282 дугаар тогтоолоор Улаанбаатарын бүсэд эдийн засгийн тусгай бүс байгуулж, гэр хорооллын аж ахуйн нэгжүүдийг газар, татвар, хөнгөлөлттэй зээлээр дэмжих арга хэмжээг баталсан.

• Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг 07 дугаар сарын 21-ний өдөр баталж, 3 хэлэлцүүлэг зохион байгуулан, төслийг 08 дугаар сарын 31-ний өдөр цахим мэдээллийн нэгдсэн санд байршуулсан. Замын-Үүд, Хөшигийн хөндий, Хархорум, Алтанбулаг, Цагааннуурын бүсийг тус бүрийн онцлогт тохируулан хөгжүүлэхээр төлөвлөж, Монгол, Хятадын “Замын-Үүд–Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хил холболтын цэгүүдийн протоколыг солилцсон.

• Хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилан төмөр замын 13 шинэ чиглэлийг тодорхойлж, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэсэн.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын хувьд:
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо 9 салбар хороо, 242 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 6 удаа хуралдан 11 тогтоол баталсан.

• Их Монгол Улсын 820 жилийн ойг тохиолдуулан 1024 бөх барилдуулж, 22 шинэ цолтон төрсөн. Хурдан морины уралдаанд 1436 морь уралдсан бөгөөд морины сэрвээг анх удаа хиймэл оюун ухааны технологиор хэмжиж, “Монгол адуу. Ерөнхий шаардлага” MNS 4099:2025 стандартыг мөрдсөн.

• Үндэсний сурын харваанд 1870 гаруй харваач оролцож 7 шинэ цолтон, шагайн харвааны тэмцээнд 160 багийн 1280 харваач оролцсон.

• “Мөнхөд орших Монгол” агуулгын дор соёл, урлагийн 14 арга хэмжээ зохион байгуулж, 13000 орчим уран бүтээлч, зохион байгуулагч ажилласан. Наадмын тасалбарыг бүрэн цахимаар худалдаалж, 100 хувь борлуулсан бөгөөд тэргэнцэртэй иргэдэд зориулсан тусгай хэсэг гаргасан.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор тэмдэглэх болсон “Дэлхийн адууны өдөр”-ийг 07 дугаар сарын 13-ны өдөр 56 улсын оролцоотой зохион байгуулж, 14.7 мянган морьтны парад, Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын морин уралдаан болж, 320 мянга орчим иргэн, жуулчин үзэж сонирхсон.

• УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр “Үндэсний их баяр наадмын цогцолбор байгуулах төсөл”-ийг санаачилж, 30000 хүний суудалтай үндсэн стадионд бөх, сур, шагайн харваа, морин уралдааны гараа, барианы арга хэмжээг нэг дор зохион байгуулахаар төлөвлөсөн. Цогцолборыг улс, нийслэлийн төсөв болон иргэн, аж ахуйн нэгжийн сайн дурын хандиваар 2027 оны 07 дугаар сарын 01 гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,