Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Цар тахлын үед КОВИД-19-ийн эсрэг вакцинд ашиглаж байсан "МРНХ" технологид суурилсан вакцинууд арьсны хорт хавдар болох меланома, нойр булчирхай болон тархины хорт хавдрын эмчилгээнд ч амжилт олох төлөвтэй байна. АНУ-ын Чикаго хотод болсон Хорт хавдар судлалын олон улсын хурлаар энэ чиглэлийн 130 гаруй судалгааг танилцуулснаас "Moderna" болон "Merck" компаниудын хамтарсан туршилт хамгийн их анхаарал татсан юм.
Тэдний бүтээсэн, тухайн өвчтөний хавдрын мутацид тусгайлан зориулсан “мРНХ” вакцин нь меланома хавдар дахин сэдрэх үйл явцыг таван жилийн турш тогтоож чаджээ. Мөн “Мемориал Слоун Кеттеринг” төвийн доктор Винод Балачандраны удирдсан баг нойр булчирхайн хорт хавдартай өвчтөнүүдэд “мРНХ” вакцин хийхэд дархлааны систем нь идэвхжсэн байна. Туршилтад оролцсон хүмүүсийн ихэнх нь зургаан жилийн дараа ч эсэн мэнд амьдарсаар байгааг энэ хурлын үеэр танилцуулсан судалгаанд онцолжээ.
Эрдэмтэд “мРНХ” технологийг хүний биеийн программ хангамж гэж нэрлэдэг. Учир нь “мРНХ”-г дахин программчилж, хүний дархлааны системийг хорт хавдрын эсүүд рүү довтолдог болгон сургах бүрэн боломжтой аж. Тухайлбал, Флоридагийн их сургуулийн доктор Элиас Сайур таван жил амьдрах магадлал нь долоон хувь хүрэхгүй байдаг тархины хүнд төрлийн хавдрын эсрэг дархлааны системийг богино хугацаанд дайчлах тусгай вакцин зохион бүтээгээд байна.
Хорт хавдрын эсрэг вакцин бүтээх үйл явц ийнхүү урагшилж байгаа ч АНУ-ын Эрүүл мэндийн яамны шинэ удирдлага, вакцины эсрэг үзэлтэн Роберт Ф. Кеннедигийн зүгээс “мРНХ” вакцины төслүүдээс 500 сая ам.долларын санхүүжилтийг танаад байгаа юм. Гэвч АНУ-ын Хавдар судлалын үндэсний хүрээлэн хорт хавдар сэдрэхээс урьдчилан сэргийлэхэд уг технологи маш ирээдүйтэй гэж үзэж байгаа тул төр, хувийн хэвшлийн түншлэлээр 200 сая ам.долларын санхүүжилтийг үргэлжлүүлэн олгохоор болж байна.
Эх сурвалж: Reuters

#вакцин, #Ковид 19, #МРНХ технологи,