COVID-19

“Pfizer”, “BioNTech” вакцинаа 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэх хүсэлт гаргалаа

“Pfizer”, “BioNTech” компани “COVID-19”-ийн вакцинаа 5-11 насны хүүхдүүдэд яаралтай журмаар хэрэглэх хүсэлтийг АНУ-ын Засгийн газарт албан ёсоор хүргүүллээ. “Pfizer” энэ талаар “Twitter” хуудсаараа дамжуулан пүрэв гарагт мэдэгджээ.

Цагаан ордны “COVID-19”-тэй тэмцэх хариу арга хэмжээ хариуцсан зохицуулагч Жеффри Зиентсийн мэдээлснээр, Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ энэхүү хүсэлтийг хүлээн авбал бага насны хүүхдүүд 11 дүгээр сараас вакцинд хамрагдах боломжтой болох төлөвтэй байна.

Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Pfizer”, “BioNTech”-ийн хүсэлтийн талаар хөндлөнгийн зөвлөхүүдтэй хэлэлцэх уулзалтыг 10 дугаар сарын 26-нд товложээ.

Америкийн Хүүхдийн өвчин судлалын төвийн мэдээлснээр, цар тахал дэгдсэнээс хойш хүүхдүүд “COVID-19”-өөр халдварласан тохиолдол есдүгээр сарын эхээр хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ. Иймд холбогдох зөвшөөрлийг түргэн шуурхай олгох нь орон даяар сургуулийн сургалт эхлээд буй энэ үед халдварын үзүүлэлтүүд эрс нэмэгдэхээс сэргийлнэ гэж үзэж байна.

“Pfizer”, “BioNTech” вакцины эмнэлзүйн туршилтын талаарх мэдээллээ өнгөрсөн сард Хүнс, эмийн чанарын хяналтын газарт хүргүүлсэн юм. Нийт 2268 хүүхдийг хамруулсан энэхүү туршилт нь вакцин аюулгүй, үр дүнтэй болохыг харуулжээ.

АНУ-д уг вакциныг 12-15 насныханд яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа бол 16-гаас дээш насныханд хэрэглэх зөвшөөрлийг эцэслэн батлаад байгаа юм.

Хүүхдүүд “COVID-19”-өөр халдварласан тохиолдолд хүндээр өвчлөх эрсдэл бага байгаа ч бусдад дамжуулна гэдгийг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд сануулсаар байна.  

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet