ЭДИЙН ЗАСАГ

“Умардын урсгал-2” хоолойн эхний шугамыг хийгээр дүүргэж эхэлжээ

 “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойн эхний шугамыг хийгээр дүүргэж эхэлсэн тухай дамжуулах хоолойн оператор компани болох “Nord Stream 2 AG” мэдээлжээ.

Цаашид техникийн туршилт хийхэд шаардагдах эзлэхүүн, даралтыг хангахын тулд шугамыг аажмаар дүүргэнэ гэж тус компани мэдээлсэн байна. “Nord Stream 2 AG” нь “Газпром” концернын охин компани юм. Тус компанийн мэдээлснээр, хий дамжуулах хоолойн хоёрдугаар шугамыг ашиглалтад оруулах ажил үргэлжилж байгаа аж.

Даваа гарагт Данийн Эрчим хүчний агентлаг “Nord Stream 2 AG” компани нь хоолойг ашиглалтад оруулах бүх нөхцөлийг биелүүлсэн гэдгийг мэдэгдсэн байна. Тус агентлаг “Умардын урсгал-2” хоолойг тавих зөвшөөрлийг 2019 оны 10 дугаар сарын 30 -нд, ашиглалтад оруулах зөвшөөрлийг 2020 оны 10 дугаар сарын 1 -нд олгосон байна.

“Умардын урсгал 2” бол Оросоос Герман руу Балтийн тэнгисээр дайруулан байгалийн хий нийлүүлэх 1234 км урт дамжуулах хоолой юм. Герман, Дани, Орос, Финлянд, Швед гэсэн таван орны эдийн засгийн онцгой бүс, нутаг дэвсгэрийн усаар дайруулан тавьсан энэхүү дамжуулах хоолой нь жилд 55 тэрбум шоо метр байгалийн хий зөөвөрлөх хүчин чадалтай. Дамжуулах хоолойн Оросын хэсгийн урт 118 км, Финланд – 374 км, Швед – 510 км, Дани – 147 км, Герман – 85 км юм. Уг хоолойг тавих ажил есдүгээр сард дуусжээ.

Украин, Польш, Латви, Литва зэрэг Европын хэд хэдэн улс болон АНУ “Умардын урсгал 2” хоолойг эсэргүүцэж байгаа бөгөөд энэхүү төслийг улс төрийн шинжтэй бөгөөд Европын эрчим хүчний аюулгүй байдалд аюул учруулж байна гэж үзэж байгаа юм. Украин бол Оросоос Европт нийлүүлж буй хийг нутаг дэвсгэрээрээ дамжуулан өнгөрүүлснээр ашиг олдог транзит улс бөгөөд “Умардын урсгал-2” ашиглалтад орсноор Оросын хийнээс орлого олох боломжгүй болно гэж болгоомжилж байгаа юм.

Харин ОХУ “Умардын урсгал-2”-ыг цэвэр арилжааны бөгөөд өрсөлдөх чадвартай төсөл хэмээн мэдэгдээд байгаа бөгөөд энэ төсөл хэрэгжсэнээр Оросын хийг Украинаар дамжуулан Европ руу нийлүүлэх транзит зогсоно гэсэн үг биш юм гэдгийг онцолсон байна. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet