ДЭЛХИЙН МЭДЭЭ

“Youtube” RT-ийн герман хэл дээрх сувгуудыг нээхгүй бол Орос улс тус компанид хориг тавина гэж анхаарууллаа

Москвагийн албаны хүмүүс “YouTube”-ийн толгой компани болох “Google”-д хатуу шаардлага хүргүүлж, “Russia Today” (RT)-ийн герман хэл дээрх хоёр сувгийг нээхгүй бол Орос улс тус компанид хориг тавина гэж анхаарууллаа.

Лхагва гарагийн өглөө тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн зохицуулагч “Роскомнадзор”-ын хийсэн мэдэгдэлд “RT” мэдээллийн сувагт харьяалагддаг “RT DE” болон “Der Fehlende Part” (DFP)-ийн “YouTube” сувгуудад тавьсан бүх хязгаарлалтаа нэн даруй цуцлахыг шаардаж байна” гэжээ. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ОХУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл гэж үзээд, хуулийн дагуу платформд нэвтрэх эрхийг бүрэн эсвэл хэсэгчлэн хаах арга хэмжээ авна гэлээ.

“YouTube”-ийн мэдэгдсэнээр “RT DE” болон “DFP”-ийн байршуулсан дөрвөн бичлэг анагаахын хүрээний буруу ташаа мэдээлэл агуулсан бөгөөд энэ нь үйлчилгээний дүрмийг зөрчсөн үйлдэл гэж мэдэгдсэн. Зөрчлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй ч “RT”-ийн ерөнхий редактор Маргарита Симонян “Германы зүгээс ОХУ-ын эсрэг хэвлэл мэдээллийн дайн зарласан” гэж үзэж байгаа юм.

Оросын засгийн газар сүүлийн хэдэн долоо хоногт тус улсын парламентын сонгуулийн өмнө шоронд байгаа сөрөг хүчний Алексей Навальныйгийн холбоотнуудын нийтэлсэн материалын улмаас “YouTube”-тэй зөрчилдөж байна. Энэ сарын эхээр санал хураалт болохын өмнө хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр тус материалыг устгах шаардлагыг “Youtube”-д хүргүүлсэн. Харин “YouTube”-ийн гүйцэтгэх захирал Сюзан Войцикки үг хэлэх эрх чөлөө нь компанийн хувьд “үнэт зүйл” гэж хэлээд шаардлагыг биелүүлээгүй байна.

Сонгуулийн дараа ОХУ-ын дотоод хэрэгт гадныхны оролцоог судалж буй Төрийн Думын комиссын дарга Василий Пискарев “Сонгуулийн кампанит ажлын үеэр гадаадын 20 гаруй ТББ-ууд “Facebook”, “Twitter”, “Google”-ийн эрх баригчдыг Оросын хууль ёсны шаардлагыг үл тоомсорлохыг уриалсан” гэж хэлээд цаашид тэдгээр байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авна гэж амласан байна.

Эх сурвалж: RT

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet