НИЙГЭМ

ФОТО: Өвлийн олимпоос аварга төрүүлэх зорилготой “Мөсөн ордон” үүдээ нээлээ

Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн цогцолбор “Мөсөн өргөө” спортын ордныг Шинэ Яармаг хороололд барьж дуусгалаа. Энэхүү спортын ордон нь 2,600 хүний суудалтай бөгөөд урлаг, уран сайхны тоглолтод зориулсан дуу авиа, гэрэлтүүлгийн орчин цагийн шаардлагад нийцсэн иж бүрэн төхөөрөмжөөр тоноглогджээ.

Тус ордонд,

  • Хоккей,
  • Уран гулгалт,
  • Шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын төрлүүд, соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой.

Энэхүү ордон нь олимпын стандартаар буюу 60х30 хэмжээтэй, 12.7 мянган м.кв талбайтай бөгөөд 15 сая ам.долларын өртөгөөр бослоо.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Нээлтийн арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцов. Тэрбээр “Шадар сайдаар болон Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тус төслийн явцтай танилцаж байсан талаараа дурдаж, энэ түүхэн өдрийн гэрч нь болж байгаадаа туйлын баяртай байгаагаа илэрхийллээ. Төслийг санаачилсан, санхүүжүүлсэн, хамтран хэрэгжүүлсэн үндэсний компаниуд нийгмийн хариуцлага гэж юу байдгийг үлгэрлэн харуулсан болохыг онцолж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа хувийн хэвшлийнхний ажлыг дэмжин ажиллахаа хэлэв.  Мөн дөрвөн улиралд дураар гулгах энэ ордны мөсөн дэвжээнээс Монголын анхны өвлийн олимпын медальтнууд, аваргууд төрөн гарна гэдэгт эргэлзэхгүй. Монгол мөрөөдөл биелэж, энэ ажлыг санаачилсан П.Цагаан даргад гүн талархал илэрхийлье. Монгол Улс олон улсын Олимпын хорооны стандартад нийцсэн ордонтой болж байгаад баяртай байна” гэлээ.

Ташрамд, Бээжин-2022 өвлийн 24 дэх удаагийн олимпийн наадам нээлтээ хийхэд жил хүрэхгүй хугацаа үлджээ. Ирэх оны хоёрдугаар сарын 4-20-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хот болон Хэбэй мужийн Жанчхүү хотод зохион байгуулагдах өвлийн олимпын наадамд долоон спортын 15 төрлөөр баг тамирчид өрсөлдөнө. Хятад улс энэ удаагийн өвлийн олимпын наадамд зориулж 3.9 тэрбум ам.долллар төсөвлөөд байгаа юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлснийхээ дараа төслийг санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлсэн “Ачит Ихт” ХХК, “Юнайтед Прожектс Корпорэйшн” компани, “Монголын алт” корпорац, “Степпелинк Холдинг” компанийн удирдлагуудад Талархал, “Степпе Арена” ХХК-ийн удирдлагад Дурсгалын цом гардуулав.

Тодруулбал, “Ачит Ихт” ХХК төслийн гол санхүүжүүлэгчээр оролцож, “Юнайтед Прожектс Корпорэйшн” компани барилгын зураг, газар, дэд бүтцийн асуудлыг хариуцаж, “Монголын алт” корпорац өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж, “Степпелинк Холдинг” дуу авиа, гэрэл сүүдэр, дүрс бичлэгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох мэдээллийн технологийн ухаалаг шийдэлтэй ордон болгох ажлыг тус тус гүйцэтгэсэн байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Түүнчлэн “Мөсөн ордон”-той болсноор мэргэжлийн хоккей, уран гулгалт зэрэг өвлийн спортын төрлүүдийг Монгол Улсад хөгжүүлэх бааз суурьтай болж, тив, дэлхий, бүсийн хэмжээний спортын тэмцээн, уралдааныг эх орондоо хүлээн авах, соёл, урлагийн болон хурал, зөвлөгөөн зэрэг бусад үйл ажиллагааг зохион байгуулах боломж нээгдэж байна. Улмаар Монгол Улсын үндэсний шигшээ багуудын өрсөлдөх чадвар сайжрах, амжилтаа ахиулах, ялангуяа, өвлийн спортыг амжилттай хөгжүүлэх ач холбогдолтой гэж Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц энэ үеэр хэлж байлаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet