ДЭЛХИЙН МЭДЭЭ

ГЕРМАН: Социал демократ нам ялалт байгууллаа

Ням гарагт болсон бүх нийтийн сонгуульд Германы Социал демократ нам ялалт байгуулснаар, Ангела Меркелээр удирдуулсан консерватив намын 16 жилийн засаглал дуусгавар боллоо.

Социал демократ нам (SPD) 26.0 хувийн санал авч, Меркелийн CDU/CSU консерватив нам 24.5 хувийн санал авсан гэж ZDF телевизээр мэдээлжээ. Томоохон бүлгүүдийн аль нь ч саналын дийлэнх хувийг эзлээгүй бөгөөд хоёулаа өнгөрсөн дөрвөн жилийн их эвслийг давтах сонирхолгүй байгаа тул хамгийн магадлалтай үр дүн нь Социал демократууд эсвэл Меркелийн консерватив намаар удирдуулсан гурван талт эвсэл юм.

Шинэ эвсэл байгуулах тохиролцоонд хүрэхийн тулд арай жижиг Ногоон нам болон либерал Чөлөөт ардчилсан намууд (FDP) оролцоно. Эвсэл байгуулах хэлэлцээр олон сар үргэлжилж магадгүй бөгөөд Ангела Меркель үүрэг гүйцэтгэгчээр ажиллах төлөвтэй байна. Шольц, Лашет нар хоёулаа Христийн Мэндэлсний Баяраас өмнө эвслийн гэрээ байгуулахаар төлөвлөж байгаагаа хэлжээ.

Социал демократ намын нэр дэвшигч 63 настай Олаф Шольц нь Вилли Брандт, Гельмут Шмидт, Герхард Шрёдер нарын дараа дайны дараах тус намаас сонгогдсон дөрөв дэх канцлер болох юм. Тэрээр өмнө нь Гамбург хотын даргаар ажиллаж байсан бөгөөд харин Меркелийн танхимд Сангийн сайдын үүргийг гүйцэтгэж байжээ.

Шольцын консерватив өрсөлдөгч Армин Лашет сонгуулийн урьдчилсан дүнгээр ялагдаж байгаа ч түүний бүлэг сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх болоогүй гэжээ.

Ангела Меркель сонгуулийн дараа албан тушаалаасаа буух бөгөөд энэ санал хураалтыг Европын хамгийн том эдийн засгийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох үйл явдал гэж шинжээчид үзэж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet