Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина. Энэ нь уртдаа 21 жил, ойрдоо 16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмодны хилийн холболттой холбоотой. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн ордын олборлолт, нүүрс тээвэр, хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын цогц төсөл юм.

Үүнийг хэрхэн шийдэхээс хамаараад үүсэх хоёр зам бий. Тийм сонголтын өмнө бид ирээд байна.

Эхнийх нь нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх сонголт юм. Энэ сонголтыг Засгийн газар бол хийчихсэн байна. 2024 оны арваннэгдүгээр сарын 5-нд Хятадын Шанхай хотод Монгол, Хятад улсуудын Ерөнхий сайд нар уулзсан. Тэр үеэр “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурчихсан. Улмаар тус төслийг хэрэгжүүлэх Хятадын “Чайна энержи” компани ямар зарчмаар ажиллах талаар саналаа ирүүлсэн.

Түүндээ “…2003 оноос эхлээд Монгол Улстай Тавантолгой уурхайн төслийг “гурван цогцоор хэрэгжүүлэх”-ээр 21 жилийн турш хэлэлцээр хийж байна. 2005 онд Монгол Улсын Засгийн газар болон аж ахуйн нэгжтэй хэлэлцэж, Гашуунсухайт төмөр замын маршрутын төлөвлөгөөг баталсан. 2009 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газарт нэгдсэн төлөвлөгөөг бизнесийн хамтын ажиллагааны саналын хамт хүргүүлсэн. 2014 оны наймдугаар сарын 21-нд хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан, Хятад, Монголын нарийн царигийн төмөр замын холболтын санхүүжилтийн Үндсэн гэрээнд гарын үсэг зурсан. 2015 оны нэгдүгээр сард Гашуунсухайт төмөр замыг 7.2 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулсан. Гэвч Монголын тал төмөр замаа барихгүй байсаар 2020 онд гэрээг өөрчилж, өргөн царигтай барихаар шийдсэн. Ингээд төсөл зогссон. Үүний улмаас өнгөрсөн 16 жилийн хугацаанд 2.7 тэрбум гаруй юанийн алдагдалд орсон. Одоо Хятад руу өргөн царигаар ачаа тээвэр нэвтрүүлэхтэй холбоотой боомтын бүтээн байгуулалтыг өөрчлөх төслүүдэд 4.1 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалт шаардагдана” гэсэн. Мөн “…Гомдол гаргах хуулийн арга хэмжээг өнөөг хүртэл аваагүй болно” гээд “…Танай УИХ нэгдсэн ойлголтод хүрч, дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Ялангуяа нүүрсний худалдаа, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлж, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, хэлэлцээрийг хэрэгжүүлэх нөхцөлийг бий болгох нь чухал”, “…Хоёр талын байгуулах нүүрсний худалдааны гэрээнд “Чайналкогийн урт хугацааны гэрээний үнэ”-ийн үнэ тогтоох механизмыг ашиглах нь зүйтэй. Энэхүү гэрээний дагуу Монголын коксжих нүүрсний эцсийн үнэ нь цаашид ямар ч үнэ тогтоох механизм батлагдахаас үл хамааран уг механизмаар бий болсон үнээс өндөр байх ёсгүй”, “…Гашуунсухайтын төмөр зам баригдаж ашиглалтад орсноос хойш 16 жил алдагдалтай ажиллаж байна. Цаашид холбож, түүнийгээ ашиглалтад оруулахад дахин гурван жил шаардлагатай. Шударга, бодит, эрх тэгш зарчмыг баримтлан талууд нүүрсний худалдааны тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааны хугацааг 16-20 жил байх саналыг гаргаж байна”, “…“Чайна энержи” компани Тавантолгойн ордыг эзэмших эрх, хувь эзэмших болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны санал гаргах боломжгүй болсон” гэжээ. Эцэст нь “…Монголын тал “гурван цогцоор хэрэгжүүлэх” хамтын ажиллагааг урагшлуулахыг дэмжинэ гэдэгт найдаж байна. Хамтын ажиллагааны гэрээ байгуулсны дараа “Чайна энержи” компани өнгөрсөн хугацаанд учруулсан бодит хохирол болоод холбогдох орлогын алдагдлыг нэхэмжлэхгүй” гэсэн юм. Манай талаас томилогдсон ажлын хэсгийнхэн тус компанийнхантай хэд хэдэн удаа уулзаж, яриа тохироогоо хийжээ. Ерөнхий сайд энэ талаар өнгөрсөн баасан гаригт “…Олон жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ирэх долоо хоногийн лхагва гаригт УИХ-д өргөн барихаар тогтлоо” гэж мэдэгдсэн. Тэр лхагва гариг нь өнөөдөр болж байна. Тэгэхээр уг хэлэлцээр УИХ-ын мэдэлд очно. Тэгэхээр одоо УИХ энэхүү “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих” төсөлтэй холбоотой хэлэлцээрийг соёрхон батлах эсэхээ хэлэлцэж шийднэ. Хэрэв баталбал хэдхэн хоногийн өмнө бага ч гэсэн мөнгөн хуримтлалтай болсон Үндэсний баялгийн сангийн бас нэг “крант” нээгдэнэ.

Харин УИХ хэлэлцээрийг соёрхон батлахаас татгалзвал хоёр дахь хувилбар үүснэ. Тэр нь товчхондоо, нүүрсний хулгайг Тавантолгойг өөрийн болгох гэсэн хэдэн хүний санаархалтай хамт авч үлдээд хэвээр нь үргэлжлүүлэх шийдвэр гэсэн үг.

Ернь бол Гашуунсухайт-Ганцмодны хилийн холболтын төслийг ийм олон жил гацаасан хоёр том хөшүүрэг байдаг.

Нэг нь, хэдэн хүний Тавантолгойн нүүрсний олборлолт, тээврээс олон жилийн турш идсэн нүүрсний хулгай юм. Хоёр жилийн өмнө яг өдийд нүүрсний хулгай Монголыг доргиож байв шүү. Сүхбаатарын талбайд нүүрсний хулгайг эсэргүүцсэн томоохон жагсаал болсон. АТГ-аас нүүрсний 17 хулгайчийг зарласан. Засгийн газар нүүрс, төмөр замтай холбоотой төслүүдийг улсын нууцаас гаргасан. Ингэж бөөн асуудал болсон ч хоёр жилийн дараах “өндөрлөг”-өөс харахад нүүрсний хулгайгаар нэг ч хүн шийтгэгдээгүй болж таарсан. Шүүх ингэж мэдэгдсэн шүү. Угтаа нүүрсний хулгай гэдэг бас л олон хууль бус үйл ажиллагааны цогц юм.

Нөгөө нь “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих төсөл”-ийг гацаасаар байгаад Тавантолгойн ордыг өөрийн болгох үүрдийн санаархал юм. Тэр нь 2014 оны наймдугаар сарын 21-нд хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан, Хятад, Монголын нарийн царигийн төмөр замын холболтын санхүүжилтийн Үндсэн гэрээг байгуулахад Монголын талыг төлөөлж оролцсон хувийн компани л даа. Дан ганц компани биш л дээ. Нөлөө бүхий улстөрчид холбогдоно. Нэг бус нэлээдээрээ холбогдоод авсан. Тэд 2024 оны арваннэгдүгээр сарын 5-нд Шанхайд хэлэлцээрт гарын үсэг зурагдсанаас хойш улс төр, нийгмийг бужигнуулаад байгаа тухай дуулдаад байх болсон. Болж өгвөл энэ төслийн хэлэлцээрийг батлуулахгүй байхтай л холбоотой болов уу. Гэхдээ сүүлийн өдрүүдэд хэлэлцээрийг эсэргүүцээд байгаа нь ганц тэр компани биш бололтой болж таарсан. 2014 оны дээрх Үндсэн гэрээг цааш явуулалгүй гацаасан улс төр, бизнесийн нэгэн бүлэглэл бий. Тэр нь Тавантолгойгоос гарсан нүүрсийг хилээр гаргадаг тээврийн том сүлжээнийхэн гэж байгаа юм. Бас л “…Тавантолгойг хөдлөх дээрээ тулбал бидний ашиг сонирхол оролцох ёстой” гэж үздэг. Нэг үгээр хэлбэл, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих энэ төсөл хэрэгжээд явчихвал нэгийнх нь Тавантолгойн ордыг авах хүсэлд цэг хатгана. Нөгөөгийнх нь нүүрс тээврээс мөнгө хийдэг бизнес ч үгүй болно. За тэгээд, “…Надад ямар ашигтай вэ” гээд сууж байдаг сайд дарга нарын гарын үсгийн наймаа ч устана. Тийм л учраас эдгээр ашиг сонирхлууд хүч хавсран Шанхайн хэлэлцээрийг эсэргүүцэж буй аж. Тэд нийлж байгаад УИХ-ын нэр бүхий гишүүдийг ч ухуулан ятгаж үзжээ. Гэвч зарим гишүүн, тухайлбал С.Цэнгүүн “…Айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр асуудлыг бодит фактороос нь холдуулаад “…Хятад цустай, Хятадын дарангуйлал ирэх гэж байна” гэж нөхцөл байдал үүсгэж байгаа нь байж боломгүй үйлдэл. “…Цахилгаан станц барих юм бол Хятадын “Чайна таун” бий болчихно” гэж дайрсаар байгаад цахилгаан станцын төслүүдээ гацааж байсан. Маш олон том төслийг дандаа “…Харийн том дарангуйлал орж ирэх гээд байна” гэсэн айдаст автуулж байгаад төслийг гацаадаг жишиг байсаар байна. Монголын хөгжлийг гацаасан хүмүүс өнөөдөр УИХ -ын гишүүн хийгээд энэ дотор байсаар л байгаа. Монгол Улс хөгжих гэсэн оролдлого бүрийг гацаадаг байдлыг бид харж байна. Намайг хүүхэд байхаас хойш л энэ байдал байсан. Өнөөдөр ч өөрчлөгдөөгүй. Бид нар попролоор улсаа удирдуулаад байж болохгүй. Монгол Улс хөгжих ёстой. Том төслүүд маань ч гэсэн явах ёстой” гэсэн. Гэхдээ тэд гишүүдийг хэр зэрэг хүчтэй ухуулсан нь ирэх өдрүүдэд Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан дээр юу гэж дуугарахаас харагдана. Хэрвээ УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх нь хэлэлцээрийг соёрхон батлахаас татгалзвал нүүрсний хулгай, Тавантолгойг өөрийн болгох санаархал хоёр урьдын хэвээр үлдэнэ. Ийм л “…Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү”, эсвэл “…Нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү” гэдэг сонголтын өмнө Монголын төр ирээд байна даа.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 249 (7493)

#онцолсон, #Нүүрс,