Б.Жавхлан: Нийгмийн дундаж давхаргыг тэлэх зорилгоор төрөөс Төрийн банканд тусалж, дэмжинэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Сангийн яамнаас өнөөдөр Засгийн газрын хуралд хэд хэдэн санал орууллаа. Үүнд Төрийн банк болон Хөгжлийн банкны чиг үүргийг шинэчилэх асуудал. Тус банк жижиглэнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байна. Цаашид илүү тодорхой болгон, бага орлоготой хэсгийг бойжуулах, нийгмийн дундаж давхаргыг тэлэх алсын хараанд хувь нэмрээ оруулах ёстой. Мөн төрөөс Төрийн банканд тусалж, дэмжинэ.
Улс орнууд дундаж давхаргаа өөр, өөрөөр тодорхойлж байна. Манай улсад сард 1-1.3 сая төгрөгийн орлоготой өрхийг дундаж давхарга гэж үзнэ. Машин, байрны зээлээ төлчихдөг, хадгаламжтай өрхүүдийг олон улсын жишгээр дундаж давхаргынхан гэж нэрлэдэг. Бид цаашид дундаж давхарга бойжуулах хэрэгтэй.
Хөгжлийн банк өнөөдрийг хүртэл төслийн буюу том хэмжээний зээл олгосоор иржээ. Манай улсын эдийн засагт худалдаа томоохон байр суурь эзэлдэг. Гэвч манайд худалдааны санхүүжилт дутагдалтай байна. Цаашид Хөгжлийн банкийг экспорт-импортын банк болгоно. Үүний тулд Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй. Гэхдээ банкны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна” гэв.

Ташрамд, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний дөрвөн хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталсан байна.
Тодруулбал, Цар тахлын үеийн эдийн засгийн эрчимжүүлэх, экспортыг нэмэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэх үндэсний хороо, Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороог байгуулжээ. Мөн Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэх, хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн сан бүрдүүлэх, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороог байгуулжээ.
Эдгээр хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахлах бөгөөд хорооны дүрмийг батлуулж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид үүрэг болгожээ.

Хариулах