ОЛИМП

Олимп зохион байгуулах нь хэр ашигтай вэ

“Токио-2020” хөшгөө хаахтай зэрэгцэн энэ олимпын ар дахь санхүүгийн тайлан тооцоо, ашиг, алдагдлын харьцааг хүмүүс сонирхож эхэллээ. Энэ талаар гаднын том хэвлэлүүд ч бичих болов. Үүнтэй холбогдуулан олимпын наадам зохион байгуулах нь ямар ашигтай байдаг, Токиогийн олимпын хувьд нөхцөл байдал ямар байгааг сонирхож үзлээ.

Олимп зохион байгуулснаар эдийн засагт үзүүлэх нөлөө нь анх таамагласнаас харьцангуй бага байх хандлага сүүлийн жилүүдэд ажиглагдах болсон. Наадам зохион байгуулсны дараа олон хот их хэмжээний өрөнд унах болсон тул шаардлагатай дэд бүтэц нь хөгжөөгүй хотууд олимп хүлээн авах талаар санахын ч хэрэггүй хэмээн санхүүгийн мэргэжилтнүүд зөвлөж байна.

Зөвхөн эрх авахын төлөө өрсөлдөхөд л олон сая ам.долларын зардал гардаг. Жишээ нь Токио хот эрхийн төлөөх өрсөлдөөнд л гэхэд 225 сая ам.доллар зарцуулжээ.

Нэгэнт эрхээ авсан бол зохион байгуулалтын зардал урсаж өгнө. Тухайлбал, Лондон хот 2012 оны олимпыг зохион байгуулахдаа 14.6 тэрбум ам.долларын зардал гаргасан бөгөөд үүний 4.4 тэрбумыг татвар төлөгчдийн халааснаас гаргажээ. “Бээжин 2008” олимпыг 42 тэрбумаар, “Афин 2004” олимпыг 15 тэрбумаар, Рио Де Жанейрогийн 2016 оны олимпыг 20 тэрбум ам.доллараар зохион байгуулж байв.

Тухайн хот эрх авсныхаа дараа төмөр зам болон авто замын сүлжээгээ өргөтгөж, нисэх буудлынхаа хүчин чадлыг сайжруулж, тамирчин, зочдыг байрлуулах нүсэр том цогцолбор барьж, зочид буудлынхаа хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байдаг. Энэ мэт бүтээн байгуулалтын зардал 5-50 тэрбум ам.доллар болдог байна.

Олимп зохиосны ашиг тус

Хотууд олимп зохион байгуулснаар ирээдүйд ашиг тусаа өгөх дэд бүтцээ сайжруулахаас гадна түр ажлын байр олноор бий болдог. Жишээ нь “Рио 2016” олимпыг хүлээн авахын тулд 15 мянган зочид буудлын өрөө шинээр барьжээ. Энэхүү бүтээн байгуулалтад олон мянган хүн оролцож, ажлын байртай болж байв. Мөн “Сочи 2014” олимпыг зохиосны ачаар хотынхоо дэд бүтцэд 44.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийлгэж чадсан юм. Түүнчлэн Бээжин хот авто зам, нисэх онгоцны буудал, метро, төмөр замын шугамаа өргөтгөн сайжруулахад 22.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байв. Нэгэнт хийгдсэн эдгээр хөрөнгө оруулалт олимп дууссанаас хойш олон жилийн турш үр ашгаа өгөх нь ойлгомжтой.

Олимп зохиосны сул тал

Гэхдээ олимп зохиогоод ажлын байр нэмэгдүүлэх төлөвлөгөө бодит байдал дээр хэрэгжихгүй байх нь ч бий. Жишээ нь, “Солт Лейк – 2002” оны олимпыг зохион байгуулахад албаны хүмүүсийн анх хэлж байсан ажлын байрны 10 хувь буюу 7000 ажлын байр л нэмэгджээ. Ихэнх ажлын байр өмнө нь ажиллаж байсан ажилчдад очсон нь үүний шалтгаан байв.

Түүнчлэн олимпоос олох орлого нийт зардлынхаа тодорхой хувийг л нөхдөг. “Лондон 2012” олимпоос 5.2 тэрбум ам.долларын орлого олсон бол “Ванкувер 2010” өвлийн олимпод 7.6 тэрбумыг зарцуулаад 2.8 тэрбумын орлого олжээ. “Бээжин 2008” 42 тэрбумаар олимп зохиогоод 3.6 тэрбумын орлого орлого олсон юм. Харин Лос Анжелес олимп зохион байгуулаад ашиг олсон цөөн хотын нэг. Учир нь олимп зохиогдоход шаардлагатай ихэнх дэд бүтэц угаасаа байсан юм.

Олимпын цэнгэлдэхээс үүдэлтэй өр

Ямар ч хот олимпын нээлт, хаалтыг хүний нүүр улайлгахааргүй сайхан цэнгэлдэхэд явуулахыг боддог. Тиймдээ ч өвөрмөц дизайнтай гоё ганган цэнгэлдэх шинээр барих нь түгээмэл. Гэвч тэр нь олимпын дараа бөөн зардал бүхий хэрэггүй байгууламж болж хувирах тохиолдол ч бий. Жишээ нь, Сиднейн цэнгэлдэх хүрээлэнд жил бүр 30 сая ам.долларын засвар үйлчилгээ хийдэг бол Бээжингийн “Шувууны үүр” цэнгэлдэхэд жил бүр 10 саяыг зарцуулдаг. 2004 оны Афины олимпод зориулан босгосон байгууламжууд Грекийн их хямралын үндэс болсон гэж үздэг бөгөөд одоо ч ашиглагдахгүй шахам байсаар байна. Энэхүү алсын хараагүй, төлөвлөлтгүй бүтээн байгуулалтын балгаар Грекийн нэг өрхөд 50 мянга евро ногдох хэмжээний өрөнд тус улс унасан юм.

Энэ тал дээр англичуудын авсан арга хэмжээ бусад улс оронд хэрэгтэй туршлага болох байх. 2012 оны олимпод зориулж хийсэн бүтээн байгуулалтуудыг хожим буулгаж, эсвэл хэмжээг нь багасгаж болохоор хийсэн нь арчлалтын нүсэр зардлаас сэргийлж чадсан юм. Тухайлбал, нээлт болсон Олимпын цэнгэлдэхийг 25 мянган үзэгчийн суудалтай болгон багасгаж болно. Гэхдээ британичууд бүгдийг маш нарийн төлөвлөж хийсэн тул уг цэнгэлдэх одоо ч эрэлт хэрэгцээтэй хэвээр байна. 

Япон хэр их алдагдал хүлээсэн бэ

Тус улс анх Токиогийн олимпын нийт зардлыг 12 тэрбум ам.долларт багтаахаар төлөвлөж байв. Гэвч коронавирусийн улмаас олимп нэг жилээр хойшилж, үүнийг дагаад зардал нь 15 тэрбум болтлоо нэмэгджээ. Улмаар “Ковид-19”-ийн дэгдэлт их байснаас болж наадмыг үзэгчгүй явуулсан, гаднаас жуулчид оруулахыг хориглосон зэрэг нь тасалбарын борлуулалт, аялал жуулчлалаас орж ирэх орлогыг үгүй хийсэн юм. Япон олимп зохион байгуулаад хэр алдагдал хүлээснийг одоо хэлэхэд эрт байна. Гэхдээ Японы нэгэн том компанийн гүйцэтгэх захирал алдагдлыг “асар их” хэмээн тодорхойлжээ. Мөн олимп зохион байгуулсны нийт алдагдал хэдэн арван тэрбум ам.доллараар хэмжигдэнэ гэж зарим эдийн засагч үзэж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet