Энэ удаагийн зочноор  Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаярыг урьж, ярилцлаа.

Эмэгтэйчүүдийн эзлэх хувь түүхэн дээд амжилт буюу 25.4 хувьд хүрэв

Блиц:
Мэргэжил:
-Олон улсын эрх зүйч,
-Төрийн удирдлагын менежер
Ажлын туршлага:
-2008-2012 онд Гадаадын хөрөнгө оруулалтын газар мэргэжилтэн
-2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн яаманд мэргэжилтэн
-2014-2015 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын  Улсын бүртгэгч
-2015-2016 онд Легал Полиси ХХН-ийн ахлах хуульч
-2016 оноос хойш Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байна.

-1992 оноос эхтэй Монгол Улсын их хурлын ес дэх удаагийн сонгууль зохион байгуулагдлаа. Монгол Улсын өмнөх найман удаагийн 76 гишүүнтэй парламентын 33 жилийн түүхэнд 608 гишүүн сонгогдсон байдаг. Тэдгээрийн 64 нь эмэгтэй бөгөөд 11 хувийг л эзэлдэг.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ жил УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу 78 гишүүнийг мажоритар буюу олныг төлөөлөх, 48 гишүүнийг пропорциональ буюу хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонголоо. 2024 оны ээлжит сонгуульд 19 нам, хоёр эвслээс нийт тойрогт 966, жагсаалтаар 370 нийт 1036 нэр дэвшигч оролцсон. Нэр дэвшигчдийн 817 буюу 61 хувь нь эрэгтэй. 519 буюу 39 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байсан. 126 гишүүнээс 32 эмэгтэй гишүүнтэй болсон. Үүний 94 нь эрэгтэй гишүүн. Эмэгтэйчүүдийн эзлэх хувь түүхэн дээд амжилт буюу 25.4 хувийг эзэлж байна.

Өмнө нь 2020 онд УИХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь 17.1 байсан нь хамгийн өндөр хувийг эзэлж байсан. Олон улсын парламентын хүрээлэнгээс гаргадаг дэлхийн улс орнуудын аль нэг хүйсийн төлөөлөл сонгогдсон байдлын судалгаагаар энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар НҮБ-ын 190 улсаас манай улс 129-р байрт жагссан.

Дэлхийн улс орнуудад аль нэг хүйсийн төлөөлөл гэдэгт эмэгтэйчүүдийн квотын асуудал тулгардаг. Манай улсын парламентад эмэгтэйчүүдийн эзлэх 25.4 хувьд хүрсэн нь олон улсын парламентын судалгааны хүрээлэнгээс гаргасан жагсаалтаас харвал 34 байраар урагшилж 96 дугаар байр руу урагшилсан ахиц гарлаа.

Томсгосон тойрогт сонгуулийн сурталчилгаа явуулахад анхаарах хэд хэдэн зүйл байна

-Энэ удаагийн сонгуулийн онцлог нь 27-45 насны залуучууд 40 орчим хувь, 45-55 насныхан 40 гаруй хувийг эзэлж байна. 55-80 хүртэл насныхан 11 хувийг эзэлж байгаа. Парламентад 80 орчим хувийг залуу, дунд насны шинэ гишүүд сонгогдсон нь энэхүү системийн ач холбогдлыг харуулж байна. Гэвч системийн тулгамдаж байгаа асуудал нь сонгуулийн сурталчилгаа асар цөөхөн хоногт болж өнгөрлөө. Гэтэл тойргоо томсгосон  хэлбэрээр буюу 13 тойргоор явуулсан. Энэ нь танигдаагүй, эмэгтэйчүүд, залуучуудад хүнд сонгууль боллоо. Ер нь цаашид тойрог, жагсаалт гэсэн холимог хэлбэрээ хадгална.

Жендэрийн квотыг 20 хувь байсныг нэмэгдүүлж 30 хувьд хүргэлээ

-32 эмэгтэй гишүүн сонгогдсон нь өмнөх парламентын эмэгтэй гишүүдийн тоотой харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт. 13 тойргийн 178 нэр дэвшигчдээс найман эмэгтэй сонгогдсон. Үлдсэн 24 нь жагсаалтаас гарсан. Өөрөөр хэлбэл системийн давуу тал нь үүн дээр харагдаж байна. Жендэрийн квотыг 20 хувь байсныг нэмэгдүүлж 30 хувьд хүргэлээ. Үүнд сонгуулийн системийн ач холбогдол нөлөөлсөн гэдгийг цохон тэмдэглэмээр байна.

Одоогийн Засгийн газрын бүрэлдэхүүн зохион байгуулагдахад квотын асуудал яригдана. Жендэрийн эрх тэгш байдлын хангах хуулийн 10.1.1-д Засгийн газрын гишүүн, сайд, дэд сайд, аймаг, нийслэл, дүүргийн засаг дарга, хурлын даргад аль нэг хүйсийн төлөөлөл 15 хувь байна гэж тусгасан байдаг. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Жендэрийн үндэсний хорооны гаргасан тайлангаас харвал Засгийн газар 22 сайдтай байсны 19 нь эрэгтэй, гурав нь эмэгтэй сайд байсан. Хуульд заасан 15 хувийг хангаагүй. Тиймээс одоогийн Засгийн газар алдаагаа дахин давтахгүй байж хуульд заасан квотын шаардлагад хүргэх ёстой. Дараагаар нь яамдын төрийн нарийн бичгийн дарга, дэд сайдууд, агентлагийн дарга нарын томилгоонууд явагддаг. Үүн дээр Жендэрийн хуульд заасан квотын баримтлах зайлшгүй шаардлагатай гэдгийг онцолмоор байна.

Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэггүй гэх хандлага нотлогдоогүй

-Орон нутгийн сонгуулийн хуульд жендэрийн квот 20 хувь хэвээр байна. Жендэрийн үндэсний хорооноос удирдлагын хосолмол аргыг санал болгодог. Энэ нь сайд эрэгтэй бол дэд сайд эмэгтэй, засаг эмэгтэй бол орлогч эрэгтэй гэх мэтээр сөөлжсөн хэлбэрээр төрийн эрх мэдлийг барих нь хүн амынхаа хүйсийн төлөөллийг бүрэн хангаж чадах үзүүлэлт. Олон нийтийн төсөөллийн судалгааг 2022, 2024 онуудад олон улсын байгууллагаас олон нийтийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн томилох, эмэгтэйчүүдийн оролцоог нийт аймаг, нийслэл, хоёр удаагийн сонгуулийн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Энэхүү судалгаагаар эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэггүй гэх хандлага нотлогдоогүй. Харин эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг дэмждэг гэсэн хандлага няцаагдсан. Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэггүй байхад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг илүү дэмждэг шүү дээ гэдэг хадлагыг няцаасан. Өөрөөр хэлбэл, УИХ-д 13 эмэгтэй сонгогдсон 17.1 хувийг эзэлж байгаа нь хангалттай гэж үзэж байна уу гэхэд эрэгтэйчүүдийн 65.6 хувь нь хангалттай гэж үзсэн бол эмэгтэйчүүдийн 56.1 хувь хангалтгүй гэж үзсэн. Олон нийтийн төсөөллийн судалгаагаар эмэгтэйчүүд улс төр, шийдвэр гаргах түвшинд ажиллахад тулгамдаж байгаа бэрхшээл нь нөхөн үржихүйн үүрэг, гэр бүлд асран халамжлах, асаргааны ажлууд, хүүхдүүдийнхээ боловсролд оруулах цаг нөлөөлдөг. Шийдвэр гаргах түвшинд ажиллахад зөвхөн ажлаа хийхээс гадна олон талын харилцаа бий болгох нь чухал. Гэвч энэхүү харилцааг бий болгоход эмэгтэйчүүдэд гаргах цаг хомс. Учир нь ажлын цаг 18:00 цагт дуусахад ажил хэргийн уулзалт, ажлын бус цагийн уулзалтад эмэгтэйчүүд цаг гаргах боломжгүй байдаг. Ажлын цагтаа ажлаа хийгээд буцаад ар гэрийнхээ ажлыг хийхээр яардаг. Энэ нь цаагуураа өөрийг нь дэмжсэн хүрээлэл, карьер хөөх, дэмжигчдийн хүрээлэл бүрдүүлж чаддаггүйд хүргэдэг. Хийж буй ажил хэргээ албан болон албан бусаар ойлгуулах цаг байдаггүй гэсэн үг. Улс төрийн намын дарга нар буюу нам тэр чигтээ эрэгтэйчүүд байхад эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд тэр бүр томилохгүй шүү дээ гэсэн санал асуулгын дүн гарсан. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд олноороо томилогдож ажилладаггүй учир нийгэмд олон дүрийг бүтээж чадахгүй байна.

Жендэрийн боловсролыг сургалтын системд оруулахад анхаарч ажиллах хэрэгтэй

-Зургаан настай хүүхдүүдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг зураарай гэхэд бүгдээрээ эрэгтэй хүн зурдаг. Тэр хүүхдүүдийн нүдэнд, гэр бүл, сургууль, цэцэрлэгийн орчинд гээд бүх харж байгаа дүр нь эрэгтэй хүн байна. Хэвшмэл ойлголт тодорхой хэмжээгээр нийгэмд байгаа цагт эмэгтэйчүүд удирдах түвшинд томилогдоход саад болсоор байна. Тиймээс Жендэрийн үндэсний хорооноос жендэрийн боловсролыг албан ёсоор боловсролын системд оруулах асуудалд анхаарч ажиллах байна. Боловсролын ерөнхий хуулийн 14-т бүх шатны албан сургалтын хөтөлбөрт жендэрийн хэвшмэл ойлголтоос ангид байх, багш бэлтгэх хөтөлбөрүүд жендэрийн агуулгатай байна гэдгийг тусгаж өгсөн. “Эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино”, “Цагаан зээр эмэгтэй хүн хоёр нутаггүй”  гэх мэтчилэн нэг хүйсийг дорд үзсэн хандлагуудыг сурах бичиг, сургалтын хөтөлбөрт оруулах нь тогтсон хандлагыг засах боломжгүй. Тиймээс сургуулийн өмнөх болон ЕБС-ийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдэж байгаа гэж ойлгож болно.

Хоёр наснаас эхлэн жендэрийн хандлага тогтдог

-Хоёр наснаас эхлэн жендэрийн хандлага тогтдог. Хүүхдийн ой санамжид миний аав эрх мэдэлтэй байна уу, ээж илүү эрх мэдэлтэй байна уу гэдэг үл өөрчлөгдөхөөр тогтож үлддэг. Хүүхэд насанд тогтсон хандлагаараа ирээдүйн гэр бүлээ  зохиодог. Тиймээс жендэрийн хандлагыг бага наснаас нь албан боловсролд оруулахгүй бол насанд хүрсэн хүний тогтсон ойлголт, мэдлэгийг өөрчлөх нь маш урт хугацааны, олон хүний хүч, хөдөлмөр шаардагдах ажил. Албан боловсролын системд нэвтрүүлж хүүхдийг багаас нь төлөвшүүлэхгүй бол хэвшмэл ойлголт дахин гарсаар л байна. Гэр бүлийн хүчирхийлэл, салалт ч үүнтэй холбоотой. Үл ойлголцлоос үл хамааран хүмүүс нэгнийгээ байгаагаар нь ойлгож, хүндэтгэх хэрэгтэй. Үүнийг жендэрийн хэрэгцээ бий болгодог. Бие биеэ хүндлэх, хүний эрх, хүн ёсны зарчим гэдгийг бүгд мэддэг ч жендэр гэдгийг ойлгодоггүй. Энэ нь хүн эрэгтэй, эмэгтэй, хүн бүр өөр хэрэгцээтэй гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаггүйд оршиж байна. Эмэгтэй хүн хүүхэд гаргасны төлөө ажил хийж, бусадтай харьцах эрхээ хязгаарлуулж болохгүй. Үүнийг нь хажууд нь байгаа нөхөр нь дэмжихгүй байх нь эмгэнэл. Учир нь тэр хүний амьдралын түүх, боловсролын системд эхнэр хүн хүүхэд асрах асрагч авах, карьер хөөсөн тохиолдол байхгүй. Тэр битгий хэл Монголын түүхэнд цөөн. Тиймээс жендэрийн хэрэгцээг анхаарч чаддаггүй тул албан боловсролын системд суулгаж өгөх нь зөв.

Дундаж наслалтын зөрүү дэлхийн дунджаас хоёр дахин их

-Жендэрийн үндэсний хорооноос 2024-2028 оны бодлогод эрэгтэйчүүдийн чанартай наслалтыг дэмжихэд анхаар ажиллана. Олон улсад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 4-5 насаар бага насалдаг бол манайд 9.7 хувь буюу дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байна. Дэлхийд дундаж наслалтын зөрүүтэй орнуудаас 12-т, Ази, Номхон далайн бүсдээ нэгдүгээрт жагсаж байна. Яагаад энэ зөрүү үүссэн талаар ЖҮХ, ҮСХ хамтран 2019 онд үндэсний хэмжээний судалгаа хийсэн. Судалгааны тайланг харахад энэ асуудал 1992 оноос хойш үе шаттайгаар явсан. Эрэгтэйчүүдийн дундаж наслалтад нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл нь эрүүл мэндийн асуудал юм. Тодруулбал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин бага хамрагддаг. Хавдраар өвчилсөн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс их. Харин хавдраар нас барж байгаа эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс олон.

Жилд 17 мянган хүн нас барахад үүний 60 гаруй хувь нь эрэгтэйчүүд байна. Үүний дотор 55-65 орчим насны эрэгтэйчүүд дийлэнх байна. Эрэгтэйчүүдэд стресс менежмент маш бага. Хорт зуршлын хэрэглээгээр стрессээ тайлдаг. Энэ нь стрессийг улам нэмэгдүүлдэг. Халдварт бус өвчлөл нь буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, нойр дутуугаас шалтгаалдаг. Нэг том шалтгаан нь гэнэтийн осол аваар. Эдгээр асуудлуудаас эрэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү ихэссэн. Чанартай урт наслалтыг эрэгтэйчүүд рүү чиглэсэн бодлогоор дэмжихгүй бол эрэгтэйчүүдийн дундаж наслалт улам холдоно.  Тиймээс тусгайлсан зан үйл, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Эдгээр асуудалд манай хорооноос анхаарч ажиллана.

Батчулууны АЛТАНГЭРЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 133 (7377)

#онцолсон, #Т.Энхбаяр,