Завхан аймгийн Нөмрөг сумын сургуулийн түүхт 100 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан Нөмрөг сумын сургуулийн ахмад багш Б.Жавзансүрэнтэй ярилцлаа.

-Төрөлх сургуулийнхаа талаарх дурсамжаасаа хуваалцахгүй юу. Түүхт ойгоороо мөр зэрэгцэн ажилласан багш болон шавь нартайгаа уулзахаар сэтгэл догдлон буй биз ээ? 

-Хутагт хувилгаадын өлгий нутаг Нөмрөг сумын сургууль 1924 онд байгуулагдсан аймгийн ууган сургуулиудын нэг. Энэ жил түүхт ойгоо тэмдэглэхээр ажил хөдөлмөр ч өрнүүн байна. Ахмад багшийн хувьд 60 гаруй жил л энэ сургуулийг тойрч ажиллаж, амьдарч явна даа. Одоо эргээд бодоход тэртээ 1961 он саяхан мэт санагдаж байна. Нөмрөгийн 10 жилийн сургуулийн нэгдүгээр ангид анх элсэн орж, долдугаар ангиа төгсөөд 1967 онд багш болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн 15 насандаа Архангайн Багшийн сургуулийг зорьж байлаа. Улмаар 1970 онд бага ангийн багш мэргэжил эзэмшин, сургуулиа төгсөөд 18 насандаа төрөлх сургуульдаа ирж ажил амьдралын гараагаа эхэлсэн. Намайг ирэхэд Насанбат багш захирал, Гүсэнжав багш хичээлийн эрхлэгч байлаа. Ийн сурагч ахуй цагт маань хичээл заадаг байсан багш нартайгаа хамт ажиллахад сүрдмээр ч гэлээ их нөмөр нөөлөгтэй цаг хугацаа байсан. Тухайн үед шинээр ирсэн багшийг ахмад багш нарт даалган зөвлөгөө даалгавар өгч хамтран ажилладаг байсан нь маш том дэмжлэг болсон санагддаг.

Залуу насандаа ажиллаж амьдарч байсан тэр сайхан цаг үеийг дурсвал маш их зүйл байдаг даа. Багш болсоор анхны “Нээлттэй хичээл” заах боллоо. Хичээл дээр маань 40 гаруй багш суухад жаахан сүрдэж, тэвдэж сандарсан байдлаар нэг цагийн хичээлийг өнгөрүүлсэн. Гэтэл хичээлийн дараа багш нар  “Сайхан хичээл боллоо” гэж зөвлөгөө даалгавар өгөхөд нь маш их урам авч ажиллах хүсэл зорилго ундарсан сайхан дурсамж дурдатгал олон бий. Олон сайхан захирал, хичээлийн эрхлэгч, багш, ажилчидтай хамт боловсролын байгууллагад 32 жил ажилласан байна. Манай сургууль багш ажилчид нийлсэн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 1000 гаруй хүүхэдтэй хичээлийн байртай, сурагчдын дотуур байранд олон хүүхэд амьдардаг байлаа. Тэр цаг хугацааг эргэн санахад багш ажилчид нийгмийн тустай хөдөлмөрт маш их явдаг байсан. Өвсөнд явна, мод хийнэ, ямаа самнана, ноолуурын хялгас түүнэ гээд л их л ажил хийдэг,  бас ч амжуулдаг байж дээ. Мөн өдөр бүр сурган хүмүүжүүлэх уншлага лекц, эвлэлийн дугуйлан, орос хэлний сургалт, өглөө бүр сонсголтой. Өглөө эрт сонсголд суухаар 7:00 цаг өнгөрөөгөөд л гэрээсээ гарна. Ингэж л багш нар маань бүхий л үйл ажиллагаанд яг цагтаа цуглаж оролцдог байсан олон сайхан дурсамжтай түүхийг хэлж болно.

-Тэр үед анги танхимын хүрэлцээ, хүүхдүүдийн сурч боловсрох орчинд хэрхэн анхаардаг байв?

-Багш нар ээлжээр жижүүр хийнэ. Тэгээд байрны хүүхдүүдээ өдөрт гурван удаа хоолонд нь оруулаад, орой 23:00 цагт унтуулаад харина. Тухайн үед хүүхдийн хүмүүжил маш сайн байлаа. Багшаасаа айна, эмээнэ, хүндэлнэ. Багш ажилчид бид ч сургуулийн удирдлагын үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлнэ. Ёстой л “Ажил хийж хүн болно. Ар давж хүлэг болно гэгчээр” ....Тэр цаг үеийн хүүхдүүд нийгмийн тустай хөдөлмөрт намар, хавар идэвхтэй оролцдог. Энэ нь хүүхдийг багаас нь ажил хөдөлмөрт сургаж, тэдний бие бялдрыг хөгжүүлж ах захаа хүндлэх хүмүүжлийн бас нэг арга байсан юм болов уу гэж боддог юм.

Сурагчид хичээлийн байрны  хооронд жагсаалаар явж дараагийнхаа цагийн багшийн кабинетад очно. Бас завсарлагаанаар хана налж зогсож байгаад л дуулдаг байсан. Үүний хажуугаар хэцүүхэн зүйл ч байлаа. Сургуулийн орчин нөхцөл тааруу, давхар барилгад акт гараад ийш тийшээ тарж бага ангиуд сумын номын сан, клубт хичээлээ ордог үе байлаа. Ангиуд ил галлагаатай хүүхдүүдийн гар бээрч утаанд нулимс нь гоожоод суудаг үе байсан. Гэлээ гээд сурлага хүмүүжлээс хоцорч, муудсангүй. Бүгд л дор бүрээ хичээж шамдан суралцсан. Тэр үетэй харьцуулахад одоо ч бүх зүйл бэлэн сайхан болсон байна.

Б.Жавзансүрэн багшийн 1982 оны нэгдүгээр ангийн шавь нар. 1983 онд пионерт элссэний дараа.

-Өнөөдөр ч Монголд багш нарын хүрэлцээ тааруу, цалин хөлс хангалтгүй байна гэсэн шүүмжлэл гарсаар л байна. Таныг багшилж байхад хүний нөөц, нийгмийн асуудал хэр байсан бэ?

- Сумын сургуульд багшийн хүрэлцээ муу. Тэр дундаа бага ангийн багш ховор байсан. Гэтэл 1990 онд нэг өглөө ажилдаа ороод ирэхэд дөрвөн хүүхэдтэй бол тэтгэвэрт гарах тогтоол уншчихсан. Манай үеийнхэн дөнгөж 37-38 настай тэтгэвэрт гарч байлаа. Зарим нь багш хүрэлцээгүй гэдэг шалтгаанаар үргэлжлүүлээд багшилсны нэг нь би. Тэр чигтээ цэл залуугаараа тэтгэвэрт гараад хөдөө амьдарсан багш нарт ч олон. 1990 онд уйгуржин Монгол бичгийн курст суугаад нэгдүгээр ангиас нь зааж эхэлсэн. Хоёр жил зааж байтал сургалтын программ өөрчлөгдлөө гэж болиулаад бүр тавдугаар ангиас нь заадаг болсон. Уг нь нэгдүгээр ангиас нь заачихвал хүүхдүүд их дуртай сурахаар юм билээ.

Тухайн үед одоогийнх шиг орон сууц байсан биш. Гэртээ хүүхдүүдээ авчраад хичээлийг нь давтуулна. Хичээл тарсны дараа ганц хоёр цаг давтлага өгнө. Гэрээр нь орж аав, ээжтэй нь нэг бүрчлэн уулзана.  Багш нарын цалин 400 төгрөг байлаа. Нэг төгрөгөөр өчнөөн зүйл худалдаж авдаг байлаа шүү дээ. Тэгэхээр тухайн үедээ л өндөр цалинд тооцогдож байсан байх.

-Нэгдүгээр ангийн хүүхдүүдтэй ажиллахад амаргүй байсан уу. Та ямар арга барилаар ажилладаг байв?

-Цэцэрлэгт явсан хүүхэд бараг байхгүй. Эхэн үедээ бол гарыг нь барьж байгаад л бичүүлж сургана даа. Мөн гэр нь хөдөө хол байдаг нэгдүгээр ангийн хүүхдүүд гэрээ санана, уйлна. Зарим нь гэр лүүгээ явна, буцаж ирнэ. Ийм маягаар л эхний нэг хоёр жил өнгөрнө. Тэр үед нэг анги 30 гаруй хүүхэдтэй. Төлөвлөгөөнөөс багасах юм бол хүүхэд нэмж авчир гэж шаардана. Төлөвлөгөө биелүүлэхийн тулд ойр тойрныхоо болоод өөрийнхөө хүүхдийг ч наснаас нь өмнө сургуульд оруулах үе бишгүй.

Багш мэргэжил сайхан. Тэр дундаа бага ангийн багшийн мэргэжилд илүү дуртай. Эцэг, эхийнхээ гар дээрээс дөнгөж ирж байгаа цагаан цайлган хөөрхөн хүүхдүүдтэй ажиллах үнэхээр гоё. Заримдаа амаргүй үе бий л дээ. Гэхдээ хүүхдүүдийн энергийн хүчээр уур бухимдал, хэцүү зүйл ор мөргүй арилчихдаг ийм л сайхан аз жаргалтай мэргэжил. Тиймээс “А” үсэг зааж, аравын тоо цээжлүүлсэн бүхий л шавь нартаа хайртай. Ер нь хүүхдэд бага ангид нь суурь мэдлэгийг нь сайн олгочих юм бол дунд ангид зовохгүй. Мэдлэг боловсрол, суурь хүмүүжлийг сайн олгох л бага ангийн багшийн үүрэг шүү дээ. Миний хувьд ажиллах хугацаандаа долоон ангийг даан авч бага боловсролыг нь олгосон байна. Багш нарын арга барил өөр л дөө. Хичээлийг аль болох сонирхолтой хэлбэрээр заахгүй бол уншиж, бичиж, тогтоохгүй шүү дээ. Тиймээс янз бүрийн үзүүлж харуулах зүйл бэлдэж байгаад сонирхлыг нь татахыг хичээнэ. Мөн ангийнхнаа суулгаж сургахыг чухалчилж, маш сайн бичүүлж гарыг нь дадлагажуулдаг байлаа. Гоё, цэвэр сайхан бичих дадлыг хэвшүүлсэн учраас манай шавь нар бичгийн хэв их сайтай. Хичээлийн эрхлэгч Цэрэндулам багш “ .. Танай хүүхдүүд яаж нэг хүн шиг ингэж бичдэг байна аа” гэж асууж билээ. Одоо шавь нараас минь Монгол орныхоо өнцөг булан бүрд  эрдэмтэн мэргэд, эмч, инженер гээд л бүхий л салбарт ажиллаж амьдарч байна. Багшийн мэргэжил эзэмшээд ажиллаж байгаа шавь нар ч болон бий. Ингээд сайхан сургуулийнхаа түүхт 100 жилийн ойг тохиолдуулан үе үеийн багш, ажилтан,  шавь нартаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 132 (7376)

#онцолсон, #Б.Жавзансүрэн,