Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны долдугаар сарын 8-15-нд манай Улсад төрийн айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар албан ёсны уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм. Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Түүнчлэн Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамтаар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцох билээ. Энэхүү айлчлал нь манай хоёр улс 2012 оны нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны төрийн айлчлал юм.
Бутан улсын тухай:
Нийслэл хот: Тимфу
Албан ёсны хэл: Зонха хэл
Хүн амын тоо: ~ 754,388 (дэлхийд 165-р байр)
Газар нутгийн хэмжээ: 38,394 km2 (дэлхийд 133-р байр)
Голлох шашин: 74,8% Важраяна буддизм
Нэг хүнд ногдох ДНБ: $9,426
Мөнгөн тэмдэгт: Нгултрум (BTN)
Бутан улсын товч танилцуулга
Бутаны Вант Улс гэгддэг Бутан бол Зүүн Гималайн ууланд байдаг далайд гарцгүй орон юм. Хойд талаараа Хятад, урд талаараа Энэтхэг улстай хиллэдэг. Непал, Бангладеш нь Бутантай ойрхон оршдог боловч хуурай газартай хиллэдэггүй.
Тус улс нь 754,000 гаруй хүн амтай бөгөөд 38,394 хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 133-т жагсдаг. Бутан бол Буддизмийн 2 гол урсгалын нэг Их Маяна буддизмийг төрийн шашин болгосон үндсэн хуульт хаант засаглалтай улс юм.
Бутаны Гималайд далайн түвшнээс дээш 7000 метрээс өндөр оргилууд байдаг. Гангхар Пуэнсум бол Бутаны хамгийн өндөр оргил юм. Бутан дахь хамгийн том хот бол нийслэл Тимфу юм.
Бутан улс 1974 онд анхны 300 жуулчнаа хүлээн авч байжээ. 2019 онд энэ тоо 315,600 хүрч өссөн юм.
Энэтхэг, Хятад улсуудын завсарт оршдог, үзэсгэлэнт байгальтай, Буддын эртний соёлтой Бутан улс орон орны жуулчдын сонирхлыг татсан хэвээр байна.
БУТАН УЛСЫН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ