ЭНЭТХЭГ: Есөн настай охины цогцсыг хүчээр чандарласан явдлыг дөрөв дэх өдрөө эсэргүүцэж байна

Энэтхэгийн нийслэл Дели хотод есөн настай охиныг бүлэглэн хүчиндсэн, хүн амины хэрэг үйлдсэн, хүчээр чандарласан гэх хэргийг эсэргүүцсэн жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Охины эцэг эх Дели хотын Нангал орчмын чандарлах газрын эсрэг талд байрлах Лалын шашинтнуудын сүмийн гадаа гуйлга гуйж, амьдралаа залгуулдаг далитууд юм. Ням гарагийн орой оромжноосоо хэдхэн метрийн зайд байрлах чандарлах газраас ус авахуулахаар охиноо явуулсан бөгөөд эргэж ирэлгүй нэг цаг гаруй болсны дараа ээж нь чандарлах газраас охиныхоо цогцсыг олсон байна.
Түүний хэлснээр Хинду шашны санваартан болон өөр гурван хүн түүнд “задлан шинжилгээ хийлгэх нэрээр эрхтнүүдийг нь хулгайлж зарах болно” гэж хэлээд цагдаа дуудахгүй байхыг зөвлөжээ. Тэрээр чандарлахыг эсэргүүцэхэд явуулахгүйн тулд хаалгыг нь хааж, сүрдүүлээд, авлига өгөхийг хүртэл санал болгосон байна.
Охины аав хэлэхдээ, түүнийг 150 орчим тосгоныхонтой хамт чандарлах газарт очиход цогцсыг шатааж байсан бөгөөд тосгоны иргэд галыг унтраасан ч зөвхөн хөл нь үлдсэн байжээ. Ингэснээр цогцост задлан шинжилгээ хийж, хүчингийн хэргийг батлах боломжгүй болсон байна.
Гэсэн ч эцэг эхээс нь авсан мэдүүлэгт үндэслэн гэмт этгээдүүдийг бүлэглэн хүчин үйлдэх, хүн амины хэрэг, хүчээр чандарлах зэрэг хэргүүдэд буруутган, хэрэг бүртгэл үүсгэсэн гэж цагдаагийн ахлах ажилтан мэдээлжээ.
Лхагва гарагт олон зуун жагсагчид Нангал дахь чандарлах газрын гадна цугларч, яллагдагчид цаазаар авах ял оноохыг шаарджээ. Тэд мөн орон нутгийн цагдаагийн зарим албан тушаалтныг хохирогчийн ар гэрийнхэнд дарамт үзүүлсэн хэмээн буруутгаж, албан тушаалаас нь түдгэлзүүлэхийг уриалж байгаа юм.
Эх сурвалж: BBC

Хариулах