Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2024.05.02/ хуралдаж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав.
Тэрбээр, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч /энэ хуульд цаашид "цэргийн алба хаагч" гэх/ нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбоотой олон салбарын алба хаагчдын нийгмийн хамгаалал, эрх зүйн байдалтай холбогдох харилцааг зохицуулж байна.
Түүнчлэн эдгээр алба хаагчдын нийгмийн хамгаалал, эрх зүйн байдалтай холбогдох харилцааг салбарын хуулиудаар тусгайлан зохицуулж байна. Тухайлбал, Гамшгаас хамгаалах тухай хуулиар “Онцгой байдлын байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно”, Монгол Улсын хилийн тухай хуулийн 38.4-т “Иргэн улсын хилд албан үүрэг гүйцэтгэх үедээ гэмт халдлагын улмаас амь насаа алдвал түүний гэр бүлд энэ хуулийн 39.8-д заасан цалингийн дунджаар тооцсон таван жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгоно.”, Цагдаагийн албаны тухай хуулийн 86.1-д “Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно.” зэргээр ялгамжтай тогтоосон байна.
Иймд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлд цэргийн алба хаагчийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах нөхцөл, шалтгааныг зааж өгсөн бөгөөд салбарын бусад хуультай уялдуулан цэргийн алба хаагчийн хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдлын үед хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрхийг нэмж тусгах, түүнчлэн байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах, хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдлын үед, улсын хил, онц чухал объектыг хамгаалсны улмаас нас барсан цэргийн алба хаагчийн ар гэрт олгох тэтгэвэр, тэтгэмжийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах чиглэлээр Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа гэлээ.
Хуулийн төсөлд цэргийн алба хаагч байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах, хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдлын үед, улсын хил, онц чухал объектыг хамгаалсны улмаас нас барсан цэргийн алба хаагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадваргүй гишүүний тооноос үл хамааран 100 хувиар тогтоохоор, түүнчлэн тухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 метр квадратаас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгохоор, ийнхүү олгох орон сууцны үнийн дүнгийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тусгасан байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон орон нутагт 3 өрөө орон сууцны талбайн хэмжээ 60м2-150м2 метр квадрат хүртэл байх бөгөөд түүнчлэн Засгийн газрын 2018 оны 369 дүгээр тогтоолоор баталсан “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.4-т “нийт талбайн хэмжээ 80м2-аас ихгүй байх”-аар зохицуулсан байх тул 3 өрөө орон сууцны талбайн хэмжээг 80м2 байхаар, шинэ орон сууцны 1 м2 талбайн дундаж үнэ 3.99 сая төгрөг байх бөгөөд дунджаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тооцож, хуулийн төсөлд тусгасан хэмээн танилцуулсан.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Дараа нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.
Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа. Эмийн тухай хуулийг 1998 онд анх баталсан бөгөөд 2006 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болгосноос хойш 2010 онд тус хуулийг шинэчлэн найруулжээ. Түүнээс хойш 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Олон улсын стандартын шаардлага хангасан эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаанд орчин үеийн технологи болон зохистой дадлыг бүрэн нэвтрүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өргөнөөр ашиглаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, нийлүүлэлт, засвар үйлчилгээ, ханган нийлүүлэлттэй холбогдсон харилцааг цогцоор нь зохицуулах зорилгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан танилцуулж байна гэлээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд зарчмын томоохон өөрчлөлтүүдийг тусгажээ. Эмийн чанар, аюулгүй байдал, эмийн үнийг бууруулах зохицуулалтыг тодорхой болгож хуульчлахаар оруулжээ. Эмийн чанарыг хянах зорилгоор эмчилгээний идэвхийг төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд болон эмийн чанарын лабораторид хийх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж үзжээ. Эмийн үйлдвэрүүд чанарын хяналтын итгэмжлэгдсэн лабораторитой байх талаар эмийн үйлдвэрүүдэд тавигдах шаардлагад тусгасан байна.
Төрөөс зохицуулалт хийх аргуудыг хуульд нарийвчлан тусгажээ. Тухайлбал, бүх түвшинд эмийн үнийн ил тод, нээлттэй байдлыг хангах олон улсын чанарын шаардлага хангасан эм эмнэлгийн хэрэгслийг олон улсын байгууллага болон гадаад орноос худалдан авах үнийн хэлцэл хийх үнийн дээд хязгаар, нэмэгдэх хувь хэмжээг тогтоох арга зэргийг нарийвчлан тусгажээ. Мөн эмийн үнийг цахимаар хянах салбар дундын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох асуудлыг ч тусгасан байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгааны хувьд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдийг хэт төөрөгдүүлсэн үйлчилгээг нь хэт дөвийлгөсөн байдлаар эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн сурталчлахыг хязгаарлах заалт оруулжээ. Үүнтэй зэрэгцүүлэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ч гэсэн үйлчлүүлэгчдийн эм, эмнэлгийн хэрэгслийг сурталчлах асуудлыг хязгаарлахаар тусгасан байна.
Улсын хэмжээнд эмийн зохицуулалтын чиглэлээр ажиллаж байгаа зөвлөл комиссын эрх үүргийг илүү тодорхой болгон тэдгээрийн ажиллах журмыг сайдын тушаалаар баталдаг байсныг өөрчлөхөөр тусгажээ. Тухайлбал, Эмийн зөвлөлийн гишүүдийг олон нийтэд ил тод, нээлттэй байдлаар сонгох, эмийн зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах шалгуур, Эмийн зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаа зэргийг тодорхой болгохоор оруулжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.