Кубад засгийн газрын эсрэг жагсаалын үеэр хүний амь үрэгдэв

Кубын эрх баригчид тус улсад эмх замбараагүй байдлын үеэр нэг хүн амиа алдсан болохыг батлав. Энэ нь эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш нас барсан анхны тохиолдол юм.
Төрийн хэвлэлүүд 36 настай Диубис Лауренсио Тежедаг даваа гарагт нийслэл Гавана хотын захын дүүрэгт нас барсан гэж мэдээлжээ. Түүнийг хэрхэн нас барсан талаар одоогоор албан ёсны тайлбар алга байна. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар Диубис Лауренсио Тежеда нь Ла Гинера орчмын үймээн самуунд оролцож, засгийн газрын байгууламж руу дайрсан хүмүүсийн нэг байжээ. Гэвч гэрч нарын хэлснээр тайван жагсаж байсан хүмүүс рүү аюулгүй байдлын алба дайрч, буудаж эхэлсэн байна.
Өнгөрсөн ням гарагт Хаванагаас баруун өмнө зүгт орших Сан Антонио де Лос Банос хотод жагсаал болж, удалгүй орон даяар тархсан юм. Олон мянган хүн гудамжинд гарч эдийн засгийн уналт, хоол хүнс, эм тарианы хомсдол, үнийн өсөлт, засгийн газар Ковид-19 тахлыг хэрхэн зохицуулж байгааг эсэргүүцэж жагсаал хийж байгаа бөгөөд ийм зөвшөөрөлгүй олон нийтийн цугларалт нь Кубад хууль бус юм.
Олон нийтийн сүлжээнд байршуулсан бичлэгт жагсагчид цагдаагийн машиныг хөмөрч, бараагаа гадаад валютаар үнэлдэг төрийн өмчит дэлгүүрүүдийг дээрэмдэж байгааг харуулжээ. Олон хүмүүсийн хувьд эдгээр дэлгүүрүүд нь нэн шаардлагатай зүйл худалдаж авах цорын ганц арга зам боловч өндөр үнэтэй байдаг байна.
Эрх баригчид үймээн самууныг дарахын тулд жагсагчдыг гудамжнаас баривчилж байгаа бөгөөд зарим тохиолдолд гэрээс нь авч явж байгааг гэрчүүд хэлж байна. AFP агентлагт нэгэн эмэгтэйн хэлснээр түүний 21 настай хүүг гэртээ байхад нь цагдаа нар гавлаж байгаад зодсон байна. Тэрээр нэмж “Тэд хөрш айлуудаас хөгшин залуугүй олон хүнийг авч явсан” гэжээ.
Түүнчлэн даваа гарагт төрийн мэдлийн интернетийн үйлчилгээ үзүүлэгч Etecsa компани WhatsApp, Facebook зэрэг платформуудад нэвтрэх эрхийг хаасан гэж мэдэгджээ. Кубад 2018 оны арванхоёрдугаар сараас утасны интернэтэд нэвтрэх боломжтой боловч энэ үйлчилгээ нь улсын хяналтад байдаг билээ.
Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел тус эсэргүүцлийг АНУ санхүүжүүлж, өдөөн турхирсан гэж үзэж байгаа бөгөөд Кубын асуудлуудыг АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээтэй холбон тайлбарлаж байна.
Эх сурвалж: BBC

Хариулах