Малчид гамшигтай тэмцэж байна. Зун нь гантай золгосон Монгол орон өвөл, хавар нь зудын гамшигтай нүүр туллаа. Нийт нутгийн 80 хувь нь цасанд хучигдаж 100 см хүртэл зузаарчээ. Үндсэндээ энэ луу жилд сүүлийн 49 жил ажиглагдаагүй их цас унаж, хэдэн хэмээр даван хүйтэрч буйг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Хаврын хавсарга эхлээ ч үгүй байхад 660 гаруй мянган толгой малаа зуданд алдлаа. Өмч хөрөнгөнийхөө араас яваад эрдэнэт амиа алдсан нь ч цөөнгүй. Ийм нөхцөлд хөдөө рүү, малчид руу улс үндэстнээрээ тусламжийн цуваа илгээх ажил ид өрнөж байгаа юм.

Малчдад туслах хандивын аянд төр засгийн өндөрлөгүүд уриалж, монголчууд хэн хүнгүй л тав арав гэхгүйгээр албан байгууллага, айл гэр, хүн бүр хамтын хүчээр даван туулахаар байгаа бүхнээ өргөн “барьж” байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Сэтгэлийн тусгал” малчдад туслах аян зарлаж ард иргэдийг нэгдэхийг уриалсан бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үндэстнээрээ нэгдмэл байж малчдадаа туслахыг хүслээ. Мөн сөрөг хүчин “Амь нэгтэй Монголчууд” аяныг улс орон даяар зохион байгуулахаа өчигдөрхөн мэдэгдээд байгаа. Харин бөхчүүд  “Хандивын барилдаан” хийх товоо тогтоосон бол Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс тусламжийн цувааг үргэлжлүүлж хийдийн лам, хуврагууд өргөл барьц барьж сүсэгтэн олны хүсэлтээр хандивыг нийтийн дунд зарлажээ. Үүн дээр нэмээд урлаг соёлынхон, аймаг, сумдын нутгийн зөвлөл, хувийн хэвшил, төрөл бүрийн холбоод, бүлэг, нэг үеийн төгсөлт гээд мэргэжил, салбараараа нэгдэв. Гадаадад байгаа монголчууд ч тусламжийн гараа сунгаж байна. Түүнчлэн хувийн дансаараа ч мөнгө цуглуулж байгаа нь цөөн биш. Дэгсдүүлж хэлбэл бараг хүн болгон цахим хуудсаараа хандив өрнүүлэх нь холгүй боллоо. Мал малчдын өр өвдөж нүд хальтрам дүр зурагийг харсан хүмүүс ч сэтгэлээрээ нэгдэж байна. Бэлэн мөнгөнөөс гадна дулаан хувцас, түлээ, тэжээл хандивлах хүмүүс ч байна. Ийнхүү байгалийн гамшгийг сөрж буй малчдад туслах гэсэн монголчуудын сайхан сэтгэлийг үгүйсгэх аргагүй. Тийм ч боломжгүй. Харин хаа сайгүй, дээр дооргүй цугларч буй энэ их хандив, тусламж зорилтод эзэндээ хүрч буй эсэхийг хянах шаардлагатай юм. Ер нь ч монголчууд өвчин зовлонгоос эхлээд хандиваар амьдардаг болоод удаж байгаа. Гэвч ихэнхдээ бусдад өгсөн мөнгөө эргээд хянадаггүй. Хандив тусламжийн задаргаа, зарцуулалтыг нэхдэггүй. Ийм замаар хэдэн арван жил явж ирэв. Хууль эрх зүйн хувьд ч хандивын тайлан зарцуулалтыг хянах тогтолцоо бүрдээгүй. Тиймээс ялангуяа мал, малчин ган зудтай холбоотойгоор үндэсний хэмжээнд өрнөж буй хандив, тусламжийг хянадаг болъё. Үүнийг шийдвэрлэхийн тулд эхний ээлжинд аймаг, орон нутаг руу чиглэж байгаа хандив мөнгийг УОК-т ч юм уу нэгтгэн зангидаж болно. Цааш нь нэгдсэн байдлаар зорилтод бүлэгт нь түгээвэл арай л хариуцлагатай, буух эзэн буцах хаягтай болох биш үү. Үгүй бол өнөөдрийнх шиг эх зах эмх замбараагүй хандиваар хаана хэдэн төгрөг цуглараад хэн гэдэг малчин өрхөд тусалсныг мэдэх боломж тун тааруу байна.

Хандив мөнгийг хянах боломжтой эсэх талаар УОК-оос тодруулахад “Манайд өөрсдөө хандаж хүлээлгэж өгөхгүй бол хянах боломжгүй. Тийм хууль эрх зүйн боломж ч байхгүй. Хандив цуглуулж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь л асуудал” гэв. Тэгвэл хандив цуглуулж буй байгууллагуудаас Гандантэгчэнлин хийд цугларсан мөнгөн тусламжийг ОБЕГ-тай хамтран зуд нүүрлэсэн аймгийн малчдад хүргэнэ гэсэн бол Монголын Үндэсний бөхийн холбоо бүх орлогыг УОК-т хүлээлгэн өгнө гэв. Өөр бусад нь нэгдсэн байдлаар хүлээлгэж өгнө, хандана гэсэн зүйл хэлсэнгүй.

ТУСЛАМЖ ДУНД ШАТАНДАА “НҮД”-ЭЭ ОЛДОГ УУ

Албан байгууллага, айл өрхөөс гадна төр тусламжийн цуваагаа малчид руу илгээв.  Засгийн газрын нөөц сангаас хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх өвс, тэжээлийг гаргаж байгаа. Өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж хүргэх Шуурхай бүлгүүдийг сайд нар ахлан орон нутагт ажиллаж байна. Гурван үе шаттай арга хэмжээ авахаар төлөвлөсний дотор эхний ээлжинд улсын нөөцөд байгаа 6000 орчим тонн өвс тэжээл, орон нутгийн нөөцөд байгаа 20000 орчим тонн өвс тэжээлийг нэн хүнд нөхцөлд байгаа сум, багт хүргэх юм. Мөн 14-21 хоногийн дараа нийт малчдад хүчит тэжээл, буудай, тэжээлийн будаа хүргэнэ.  Дараагийн шатны арга хэмжээг ирэх гурав, дөрөвдүгээр сард авч хэрэгжүүлж, малчдад гурил, будаа, хүнс хүргэнэ гэдгээ танилцуулсан. Тэгвэл улсын болон орон нутгийн нөөцөд байгаа өвс, тэжээл, түлш, хүнсний нөөцийг хэрхэн хуваарилдаг вэ. Мөн л эзэндээ очдог уу гэдэг асуудал гарч ирнэ. Ган зуд болгоны үеэр хуваарилалт шударга явагдсан эсэх хөндөгддөг. Тэр болгонд аймаг, сумын дарга нар ах дүү хамаатан садан, ойр тойрныхондоо тараагаад дууссан гэдэг мэдээлэл гардаг. Энэ удаад ч мөн ийм хардлага, шүүмжлэл цухалзаж байгаа. Хэд хэдэн аймгийн шуурхай штаб болон орон нутгийн онцгой комиссоос тодруулахад “Аймаг, орон нутгийнхан тусламж олгох малчдын нэрийг гаргаж онцгой комисст өгч байгаа. Тэр дагуу хуваарилах түгээх ажил хийгдэнэ. Дараа нь аудитын шалгалт ордог учраас төр болон донор байгууллагуудын тусламжийг тэгш хуваарилдаг” гэсэн тайлбарыг өглөө. Харин сумын зарим иргэдийн зүгээс гар утасны сүлжээ ч байхгүй малчин яаж нэрээ бүртгүүлэх вэ. Үүнд орон нутгийн удирдлага л шударга, мэдрэмжтэй ажиллах ёстой гэдгийг хэлсэн юм.

Малчид: ӨВС ТЭЖЭЭЛЭЭС ГАДНА ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ

Мал бэлчээрт гарах боломжгүй. Өөрсдөө өвс тэжээлд хүрэх замгүй болж гацсан малчдад хүрэх тусламжийг зөвхөн өвс, тэжээлээр төлөөлүүлж ойлгох нь өнгөц юм. Малчдад өвс тэжээлээс өөр хэрэгцээ шаардлагатай зүйл юу байгааг талаар зарим төлөөллийн байр суурийг хүргэе. 

“Банкнаас малчны зээл авсан учраас малаа онд мэнд оруулж, төлөө авах зорилгоор хэт олон мал бойлж хэрэгцээлэх боломжгүй байсан. Гэтэл цаг хүндэрч малын хорогдол их гарсан, үлдсэн бүх малаа тэжээх шаардлагатай болсноор санхүүгийн хувьд хүнд байдалд орж байна” хэмээн Дундговь аймгийн Адаацаг сумын IV багийн малчин З.Гангамаа ярилаа. Мөн тус сумын малчин О.Батжаргал “Би 30 гаруй жил мал маллаж байна. Энэ жилийн өвөл шиг ийм айхтар цас ихтэй, хүйтэн өвөл үзээгүй. 1999 оны зудыг мэднэ,  2009-2010 оны зудыг ч бид даван туулсан. Энэ цас зуд бол малчин бидний ажилтай, ажилгүй, арчаатай, арчаагүй гэдгээс үл хамаарах, бүх нийтийг хамарсан гамшиг болоод байна. Өвс, тэжээл бэлдээгүй биш, хангалттай бэлдсэн, худалдаж авчраад өгөөд байхад л хотноосоо гарахгүй байгаа мал энэ хүйтэнд эрхгүй бээрч унаад байна. Малчид бид өдөр шөнөгүй малынхаа төлөө явж, өргөж тээж, үүрч дүүрч, гэртээ оруулаад, бүлээн цай юмаа хамт хувааж уугаад байж байна” хэмээв.

Харин ГАА-ийн Дэлгэр сумын Баянбуурал багийн малчин Д.Хосбаяр “Малчдад өвс тэжээлээс гадна эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрэгтэй. Хөдөө мал дээр ихэвчлэн өндөр настай хүмүүс байдаг учраас эмнэлэг битгий хэл малынхаа араас явахад бэрхшээлтэй. Тиймээс цас зуд гэдгийг зөвхөн зам харгуй, өвс, тэжээлийн тусламж гэдгээр биш эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг орхигдуулахгүйгээр цогцоор нь хараасай” гэв.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 34 (7278)

#онцолсон, #тусламж, #Хандив,