НИЙТЛЭЛЧ

Б.Ундармаагийн хажууд Ш.Батхүү “жараахай” юм биш үү?

Гэрэл зургийг MPA.mn

340 тэрбум төгрөгөөр юу хийж болох вэ?.

Том зургаар харвал Монгол Улсын жилийн нийт төсвийн гурав орчим хувь. Дотоодын бүтээн байгуулалт, дэд бүтцийн сүлжээг дэмжих зорилтын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компаниас Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтыг санхүүжүүлсэн 1.4 их наяд төгрөгийн 30 гаруй хувьтай тэнцэх мөнгөн дүн. Засгийн газраас ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл иргэд, зарим аж ахуйн нэгжийн дулаан, цахилгааны төлбөрийг тэглэх шийдвэрийг хэрэгжүүлэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн ашгаас зарцуулахаар тооцсон 650 тэрбум төгрөгийн тал нь.

Орон сууцны ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 5000 иргэнд очих санхүүжилт. Төрийн ордны баруун хойно Байгалийн түүхийн музейн газарт шинээр барьж байгаа 67.8 тэрбумын өртөгтэй Чингис хааны музей тавыг барина. Их тэнгэрийн аманд сүндэрлүүлэхээр төлөвлөсөн Байгалийн түүхийн музей гурвыг, Яармагийн дэнж дээр ашиглалтад оруулсан төрөх эмнэлэг шиг хүчин чадалтайг 15-ыг өлхөн барих хэмжээний төсөв. Адаглаад нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 суманд дорж хаяж нэг сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх хэмжээний өртөг. Бүрэн зураглалаараа аль ч салбарт хөрвүүлсэн жин дарж, заримынх нь өртгийг 100 хувь давуулах тийм л хөрөнгө.

Гэвч УИХ-ын гишүүн асан эмэгтэйн хувь эзэмшлийн банкинд төрийн сангаар дамжин байршуулж байсан дээрх мөнгөн дүн нэг л өдөр цаасан дээрээ үлдэж, ор сураггүй алга болсон нь жилийн өмнөх үйл явдал. Нэр нь Б.Ундармаа, банк нь “Капитал”. Чанаргүй зээлийнх нь хэмжээ 80 хувьд хүрч, үйл ажиллагаа явуулах чадамжгүйд хүрсэн учраас Төв банкнаас холбогдох хуулийн хүрээнд арга хэмжээ авч, татан буулгасан гэдгээс өөр нарийн шалтаангүй. Нэгэн цагт “Жаст” хэмээх малгайн дор банк, санхүү, шатахуун, мах, уул уурхай зэргийг багтааж, Монголын толгой бизнесмэнээр тодорч явсан Ш.Батхүү жирийн иргэний статуст шилжсэнээ зарлаж, шүүхийн тогтоолтой яллагдагч болсон шиг гашуун сургамж Б.Ундармааг тойроогүй, дайрсан нь энэ.

2019 оноос хойш гэж тооцвол бүтэн жилийн хугацаанд УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн хамгаалалт дор чимээгүй явсан тэрбээр 2020 оны ээлжит сонгуулийн дараагаас шүүхийн хаалга татсан ч 40 сая төгрөгөөр торгуулаад өнгөрсөн юм. Үндэслэл, зүйлчлэл нь өөр л дөө. УИХ-ын гишүүн байхдаа иргэдийн боломжийг хулгайлж, ЖДҮ-ийн зээлд гар дүрсэн түүний хувьд өөрийн хамаарал бүхий “Доктор МЭИК” компанид 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт нь хамаатуулсан шүүхийн тогтоол.

Харин “Капитал”-д түгжигдсэн 340 тэрбумыг хэрхэх нь өнөөдрийг хүртэл шийдлээ олохгүй, шүүгээндээ замхарчээ. “Капитал” банкинд өрнөсөн үйл явдлын хураангуйлвал маш энгийн дүр зураг бууна.

Гэрэл зургийг MPA.mn

ҮҮНД:

-“Капитал” банк цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй болсон тул албадан татан буулгах шийдвэр гаргаж, үйл ажиллагааг нь зогсоолоо. /Монголбанк 2019.04.08/

-Капитал банкинд Тэтгэврийн даатгалын 104 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын 134.9 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг, ЖДҮХС-ийн 47 тэрбум төгрөг, АШУҮИС-ын дөрвөн тэрбум төгрөг, МУБИС-ийн хоёр тэрбум төгрөг байршиж байсан. Нийтдээ 340 орчим тэрбум төгрөг байршиж байсан юм. /Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар 2019.04.09/

-“Капитал” банкинд байршуулж байсан төрийн мөнгийг иргэдийн хадгаламжтай адилтгаж үзэх хүсэлт тавьсан. /Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан С.Чинзориг 2020.02.14/

-Тодорхой жишээ хэлье. Нийгмийн даатгалын санг тонож, татвар төлөгчдийн 340 гаруй тэрбум төгрөгийг зувчуулсан Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол ардын намын гишүүн Б.Ундармаа торгуулсан болоод хэргээс мултарч байхад айлын цонхоор нэвтэрч 50 мянган төгрөг хулгайлсан энгийн иргэн, мөн баавгайн арьс, савар авч яваад ял авч шоронд хоригдсон энгийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал гуйж байх жишээтэй. /Ерөнхийлөгч Х.Баттулга 2020-11-27/

-“Капитал” банкны өмчлөх бус хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүд, зээлийн эргэн төлөлтөөр ЭМД, НД-ынхаас гадна бүх харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг өгөх бүрэн боломжтой. /Б.Ундармаагийн өмгөөлөгч П.Баасанжав 2020-12-09/

-Монголбанкны тухайн үеийн удирдлага нь “Капитал” банкны бодит нөхцөл шалтгааныг үнэн зөвөөр тогтоож, Банкны тухай хуулийн дагуу зохистой арга хэмжээ авч ажилласан бол өнөөдөр ийм хүндрэл үүсэхгүйгээр банк үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой байсан. /УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа 2021.03.10/

“Капитал” банкийг татан буулгасан, түүний дараа өрнөсөн он цагийн дараалал ердөө л ийм. Зөвхөн ЖДҮ-ийн хэрэгт нь хамаатуулж, анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, хоёр жил зургаан сар хорих ялаар шийтгэсэн түүнийг Давж заалдах шатны шүүхээс өөрчилж, 40 сая төгрөгөөр торгохоор болсонд асуудлын зангилаа оршиж байгаа юм. Ингэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлснөөс гадна эрүүл мэндийн байдлыг харгалзан үзсэн тухай шүүхийн тогтоолд дурджээ. Энд ганцхан үнэн байгаа нь Б.Ундармаа шүүхийн өмнө өөрийн гэм буруутайг зөвшөөрсөн тухай. Нэг үгээр, УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа мэдээлэл ойр байдлаа ашиглан иргэдийн боломжийг хулгайлсан ч халдашгүй дархан эрхийн ард нуугдаж явснаа тэрбээр өчиггүй хүлээн зөвшөөрсөн нь энэ байв.

Гэрэл зургийг MPA.mn

Гагцхүү нийтийн албанд ажиллах эрхээ зургаан жилээр хасуулсан, 40 сая төгрөгөөр торгуулсан гэхээсээ “Капитал” банктай хамт “татан буугдсан” 340 тэрбумыг хэрхэн төлж, барагдуулах нь нэгдүгээр асуудал. 34 сая биш. 34 тэрбум бүр ч биш. 340 тэрбум. Дахин тодотгоё 340 тэрбум шүү. Төсөвт өртгөөрөө ч жин дарах мөнгө Б.Ундармаагийн 100 хувь эзэмшлийн банкинд байршиж байгаад алга болсон нь факт. Банкныхаа дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй хэмээн өөрийгөө зөвтгөдөг Б.Ундармаа УИХ-ын гишүүн байхдаа Авлигатай тэмцэх газарт бүрдүүлж өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Капитал”-ын 99.97 хувийг эзэмшдэг нь тухайгаа дурдаж ирсэн нь өөрөө баримт.

Өөр нэгэн асуулт байна. Юу гэхээр “Эрдэнэт” үйлдвэрийг Африкийн “Стандарт” банкинд хил дамнуулан барьцаалж, 110 сая ам.долларын зээл авсан ч түүнийгээ төлөх чадамжгүй болж эцэстээ Эрсдэлийн сангаас 40 сая ам.доллараар хаалгуулсан тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаа дурайж, нийгмийн анхаарлыг тийш хандуулахтай зэрэгцэн “Капитал”-ыг татан буулгах шийдвэрийг Төв банкнаас яагаад гаргав? гэдэг нь өнөөг хүртэл эргэлзээ, хардлагыг төрүүлдэг. Шүүхээс Ш.Батхүүд найман жилийн ял ногдуулж, хувь эзэмшлийн хөрөнгийг нь худалдаалах замаар улсад учруулсан хохирлыг нь төлүүлэхээр болсон байдаг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа уг асуудлыг гардан гүйцэтгэж, “Авлигатай тэмцэх газар Ш.Батхүүгийн 190 орчим тооны хөрөнгийг илрүүллээ. Нийт үнэлгээ нь 98 орчим тэрбум төгрөг болно. Эдгээр хөрөнгийг нээлтэй зарж Эрдэнэтийн Эрсдэлийн сангаас гаргасан зардлыг төлүүлж, хохирлыг нь барагдуулах арга хэмжээ авна” хэмээн мэдэгдэж байв. Ш.Батхүүд холбогдох асуудал 2013 оноос улбаатай гэж үзвэл бараг долоон жил дуншжээ. Шүүхийн тогтоол уншуулах хүртлээ хэнтэй, ямар тохироо хийж, өнөөдрийн шийдэлд хүрснийг хэлж мэдэхгүй. Хөшигний ард гар барьж, бизнесийн хамааралтай явж ирсэн улстөрчид, хэтэвч нэгтэй явсан хүмүүсийн ой тоонд л яваа тохиролцоо.

Харин Б.Ундармаагийнх бол өөр. Сангийн болон салбарын сайд, Улсын Ерөнхийлөгч хүртлээ 340 тэрбум төгрөг алга болсныг хүлээн зөвшөөрч, хариуцлага нэхэж өндрөө авсан зүйл. Гагцхүү энэ асуудлыг хэзээ, хэрхэн төлөх, төрийг тэр дундаа татвар төлөгчдийг хохиролгүй болгох нь хүссэн ч, эс хүссэн ч шударга ёсны хэмжүүрээр цангасан нийгмийн шахалт, шаардлага болчихоод байгааг сануулах нь зүйн хэрэг. Төсвийн мөнгө ёолдоггүй гээд мартаж болохгүй сэдэв болоод байна.

Хэргийг зориудаар хуучруулж, хугацааг сунгадаг, цаашлаад өөр нэгэн сенсаациар дардаг, тэгээд тохиролцдог буруу жишиг Монголын улс төрд бий. Гэхдээ тоо хэзээ ч худлаа ярьдаггүй гэдэг шиг “Капитал”-тай хамт сураг алдарсан 340 тэрбумыг буцаан төлүүлэх, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах нь Монгол төрийн үнэлэмжийн баталгаа болж архивт үлдэх учиртай. Дараа дараагийн цагаан захтанд сургамж болох ёстой. Юу үнэн энэ л үнэн.

Ш.Батхүүгийн улсад төлөх ёстой өр нь 140 тэрбум. Харин Б.Ундармаагийнх 340 тэрбум. Мартаж болохгүй үнэн нь л энэ. Эсвэл Б.Ундармаагийн хажууд Ш.Батхүү зүгээр л “жараахай” гэж үү!!!

1 сэтгэгдэл

  1. Хх

    2021-04-16

    Ард нь угаасаа том улс төр яваа

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet